Нийгэм

УБ хотын замын хөдөлгөөнд оролцогч хэн бүхний сонсох дуртай FM радиогийн хөтлөгч нь Алимаагийн Хаш гэж байна. Дээд боловсрол эзэмшээгүй ч салбартаа хэдийнэ танил болсон хөтлөгчийн ажил амьдралаас сэтгүүлч Г.Бадамлянхуа сурвалжлага бэлтгэлээ. 

Энэ хүнийг Алимаагийн Хаш гэдэг. Тэр Монголын радиогийн хөтлөгчдөөс хамгийн ахмад нь. Энгийн, хээгүй яриатай, цалгисан инээд хөөртэй, чамгүй мэдлэг, боловсролтой хэмээн үзэгч, сонсогчид түүнийг үнэлдэг. Хот тохижилтын газар, Дуурь бүжгийн эрдмийн театрын тайз засалч, хөлбөмбөгийн дасгалжуулагч, олон улсын тусламжийн байгууллагын мэргэжилтэн гээд төрөл бүрийн ажил хийж байсан тэрбээр одоогоос гурван жилийн өмнө “MGL” радиод хөтлөгчөөр ажилд оржээ. Ажиллаад удаагүй ч өнөөдөр тэр Монголын радиогийн салбарт түүчээлж олны хайр, хүндэтгэлийг хүлээж явна.

Хөтлөгч А. Хашийн нас 50 гарсан. Өнгөрсөн хугацаанд амьдралд унаж, босохын хэрээр амьдралыг хайрлах, амьдралд тууштай байхын ухаанд суралцаж яваагаа ярьсан юм. 1990 оны сүүлээр А. Хаш  амьдралаа сайжруулахаар хоёр өрөө байраа зараад Австри улсыг зорих бодолтой эх орноосоо явсан ч түүний санаа, зорилго бүтэлгүйтжээ. Эхнэр, хоёр хүүхдээ дагуулаад эргээд эх орондоо ирэхдээ үрэх мөнгө, орох оронгүй болсон тэрбээр айлын пингээс амьдралаа дахин эхлүүлжээ.

Хүний амьдралд юу ч тохиолдолж болно. Харин тэр үед хэзээ ч бууж өгч болохгүй. Амьдралаас сайхныг олж харах нүдтэй, боломжийг шүүрэх итгэлтэй байх хэрэгтэйг хөтлөгч А. Хаш та бидэнд захисан юм.