Нийгэм

Жендерийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг нийслэлээс хэрэгжүүлж эхлэх гэж байна. Эрэгтэйчүүд энэ сэдвээс гадуур орхигдож, тэдэн рүү чиглэсэн бодлого үгүйлэгддэг. Мөн эрэгтэйчүүдийн дундах өвчлөл, эмэгтэйчүүдийнхээс их байдаг ч эмнэлэгт тэр бүр ханддаггүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тэгвэл хөтөлбөрийн хүрээнд есөн дүүрэгт эрэгтэйчүүдийн кабинет байгуулж, сэтгэлзүйч ажиллуулахаар болсон байна.

Нийслэлийн жендерийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн зорилго жендерийн мэдрэмжтэй бодлого төлөвлөх, хяналт шинжилгээ үнэлгээний ажил арга зүйг нэвтрүүлэн хэрэгжүүлэх, бүх түвшинд жендерийн хэвшмэл үзэл буюу сөрөг хандлагыг өөрчлөх замаар жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд оршиж буй юм. 

Зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүдэд ч хандсан бодлогыг явуулна гэлээ. Учир нь эрчүүдий дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс харьцангуй бага байдаг. Тодруулбал эрчүүдийн дундаж наслалт 65 байхад эмэгтэйчүүдийнх 75 байгаа юм. 

Эрчүүдийн  дунд зүрх судасны өвчлөл, харвалт, архидалт их байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Энэ нь буруу хооллолт, амьдралын буруу хэвшил, хорт зуршлаас шалтгаалтай. Үүнээс гадна осол гэмтлийн улмаас нас баралт сүүлийн 5 жилд эрс нэмэгдсэн байна. Түүнчлэн 15-35 насны залуусын дунд БЗХӨ их байдаг ажээ. Тиймээс эрчүүдэд зориулан дүүрэг бүрт кабинет байгуулах ажил зайлшгүй шаардлагатай байгааг хэлж байна. 

АМИА ХОРЛОЛТЫН 80 ГАРУЙ ХУВЬ НЬ ЭРЧҮҮД БАЙНА     

Мөн 2025 он гэхэд хороо бүрт мэргэжлийн сэтгэл зүйчтэй болох зорилтыг тавин ажиллаж байгааг онцоллоо.  Учир нь Монгол улс 100,000 хүнд ногдох амиа хорлолтын тоогоороо дэлхийд гуравт ордог байна. Амиа хорлолтын 80 гаруй хувь нь эрчүүд, 47 хувь нь ажилгүйчүүд байдаг. Тиймээс эрчүүдэд зориулсан ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулах нь жендерийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн нэг гол ажил нь болжээ.