Нийгэм

Хаврын улиралд харшил, хууч өвчин хөдлөх магадлал өндөр байдаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд бага насны хүүхдэд хүнсний харшил тохиолдох нь нэмэгджээ. Хэрэглэж байгаа хоол хүнс, импортын олон төрлийн чихэр жимснээс нөлөөлж байгааг эмч нар ярьж байна. Тийм учраас төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхдээ заавар зөвлөмжтай сайтар танилцахыг санууллаа.

Нийгэм хөгжихийн хэрээр нарны, хүйтний, эмийн хүнсний, металл эдлэлийн, чихрийн, шавьжны, тоосны гэх мэт маш олон төрлийн харшил гарах болсон. Тэгвэл эдгээрээс хүнсний харшил, эмийн харшил элбэгшжээ. Энэ нь эрүүл зөв хооллолттой холбоотой гэдгийг арьсны эмч хэлж байна.

ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХАРШИЛ ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ

Хүүхдийг хөхнөөс нь эрт гаргах, гэдэсний халдвараар өвчлөх, хэт цөөн төрлийн хоол, хүнс хэрэглэх, эмийн зохисгүй хэрэглээ зэргээс үүдэн харшил үүсгэгч хүчин зүйлүүд сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэх болжээ. Мөн эцэг эхчүүдийн хүүхдүүддээ идүүлж буй чихэр, жимс, хоол хүнсний бүтээгдэхүүн нь генийн өөрчлөлттэй бол харшил үүсгэх эрсдэл өндөр болдог байна. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн нь хортон шавьж, мөөгөнцөр, болон нянд тэсвэртэй, уламжлалт бүтээгдэхүүнийг бодвол илүү хурдан ургадаг байна.

Харшилтай хүмүүсийн дийлэнх нь бага насныхан, идэр залуучууд байгаа нь амьдралын зөв хэвшил, зөв хооллолтын дэглэм дутмаг байгаагийн нэг илрэл юм. Ялангуяа шинэ залуу эцэг эхчүүд анхнаасаа хүүхэддээ эрүүл зөв хоол хүнс сонгон хэрэглүүлэх нь чухал байгаа юм. Ингэхдээ бүтээгдэхүүний орц найрлага, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн эсэх, хадгалах горим шаардлагад нийцсэн эсэхэд хамгийн түрүүнд хяналт тавих хэрэгтэйг анхааруулж байна.