Нийгэм

Улаанбаатар төмөр зам нэг км газарт нэг зорчигч тээвэрлэхэд 23 төгрөгийн байнгын алдагдал хүлээж байна. Энэ тоо жил бүр хуримтлагдсаар Улаанбаатар төмөр замын санхүүгийн байдал доройтжээ. Цалин хөлс нэмэх боломжгүй болсноор машинистууд ч ажлаасаа гарч эхэлсэн байна. Ийм учраас төмөр замын салбар зах зээлийнхээ журмаар ажиллах шаардлага байгааг удирдлагууд нь хэллээ.     

УБТЗ ХНН тарифын алдагдалтай ажиллаад нэлээдгүй удаж байгаа. Тухайлбал, барилгын материал, нүүрс тээвэр, зорчигч тээврийн үйлчилгээ зэрэг 9 тээврийн үйлчилгээ нь алдагдалтай ажилладаг. Зорчигч тээврийн үйлчилгээ гэхэд л  нэг км-т 32 төгрөгөөр үйлчилдэг байна. Үүнийг бусад тээврийн үйлчилгээтэй харьцуулахад маш бага өртөг юм. Энэ мэтчилэн тарифын алдагдалтай байсаар ажилчдынхаа цалинг нэмэх боломжгүй болж ажилчдаа алдаж байгаагаа хэлж байна. Тодруулбал галт тэрэгний машинч, туслах машинч ажлаасаа гарах нь ихэсжээ.

УБТЗ-д 1116 машинч, туслах машинч ажилладаг байна. Үүний тал хувь нь 1-2 жил ажилласан залуу боловсон хүчнүүд байгааг онцоллоо.  Насны хувьд 23-25-ны залуучууд байдаг байна. Зорчигч тээврийн машинч нарын хувьд 800-1400 хүний амь нас, эрүүл мэндийг хариуцаж ажилладаг тул хэт залуу, туршлага багатай хүн байх нь  эрсдэлтэй ангилалд ордог гэлээ.   

Вагоны машинч нарын дундаж цалин 1,500-2 сая төгрөг. Энэ цалин нь амьдралд нь хүрэлцдэггүй учир гадаадад очиж ажиллах хүсэлтэй хүний тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг дурдлаа.  Машинч, туслах машинчаар ажилладаг нийт ажилчдын 25 хувийг 40-өөс дээш насныхан эзэлдэг байна. Тиймээс шинэ залуу ажилчдаа дэмжин сургалт, дадлагажуулалтын ажлыг байнга зохион байгуулдаг гэлээ.