Нийгэм

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж буй “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт тус дүүргийн Шуурхай штабт болж байна.

Улс, нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб, 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт Захиргаа санхүүгийн баг, Мэдээллийн аюулгүй байдлын баг, Төлөвлөлтийн баг, Хангалтын баг, Үйл ажиллагааны багууд цагийн байдал дээр ажиллаж байна. Энэ үеэр тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт “Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн санал хүсэлт болон асууж тодруулах зүйлийг 7000-7105 шууд утсаар хүлээж авч хариулт өгч байна. Уг шууд утас нь тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд 08:00-21:00 цагийн хооронд иргэдэд мэдээ, мэдээллийг хүргэнэ. Өнөөдрийн байдлаар өдрийн 11:00 цаг хүртэл 30 иргэн шууд утсанд хандаж мэдээлэл авчээ. Иргэдээс иргэн мэдээллийг 12:00, 14:00, 17:00, 21:00 цагуудад төв штаб руу мэдээлж байгаа бол утсаар 1 цаг тутамд мэдээлэл өгч байгаа аж.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтан М.Бямбазаяа “Тавдугаар сарын 6-8-ны хооронд өглөөний 8 цагаас оройн 21 цаг хүртэл шуурхай мэдээллийг хүргэж ажиллана. Өнөөдөр өглөөнөөс хойш бидэнтэй 30 иргэн холбогдож мэдээ, мэдээлэл авлаа. Үүний дийлэнх нь маргааш Чингэлтэй дүүрэгт зам хаахтай холбоотой асуудлаар хандаж, мэдээлэл авч байна” гэсэн юм.