Архив...

Нийгэм

Усанд осолдсон хоёр эмэгтэйг завьт эргүүлтэй онцгой байдлынхан аварсан байна. Хэдхэн секунд хоцроход л амь нас нь эрсдэх аюул өндөр байсныг онцоллоо. Бүсгүйчүүд голын эрэг дагуу амарч зугаалах үедээ 6 метрийн гүнтэй тогтоол усанд хөл алдан унажээ. Амь насаа алдах шахсан иргэдийг аюулгүй газарт хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Өчигдөр буюу зургаадугаар сарын 11-ний өдөр Баянзүрхийн гүүр орчимд загас үржүүлгийн нууранд хоёр иргэн живсэн хэрэг гарлаа. 20 орчим залуус нуурын эрэгт амарч байсан байна. Хоёр нь голын усанд хөл алдаж живж байсныг нийслэлийн аврах анги 105-ын завьт эргүүлийн баг шуурхай ажиллаж усанд осолдсон хоёр эмэгтэйг гарган авчээ. Загас үржүүлгийн нуур нь эрэг орчмоороо метр гаруй, гол хэсэгтээ 6 метр гаруй гүнтэй болдог байна. Хөлгүй нуур учраас хөл алдаж живэх эрсдэл өндөр байдагийг аврагчид хэлж байна. 

Жил бүрийн зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 15-ны хооронд Туул гол дагуу хоёр чиглэлд завьт эргүүл хяналт тавьж ажилладаг. Үүнд Гачууртаас Маршалын гүүр, Маршалын гүүрнээс Сонгинын гүүр хүртэл хоёр бүлэг эргүүлд гарч байна. 

Жил бүр улсын хэмжээнд 90 орчим хүн усанд осолдож амь насаа алддаг гэх судалгаа бий. Усанд осолдогсдын дийлэнх нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг байна. Мөн багагүй хувь нь бага насны хүүхэд байдагийг албаныхан онцоллоо.