Онцгой байдлын албанд есөн жил зүтгэсэн аврагч холбоочин Т.Уранзулд өргөө цагаан гэр гардууллаа 

Нийгэм

Галын дуудлага, яарсан сандарсан бүх дуудлагад хариу өгдөг чухал албан тушаал онцгой байдлын байгууллагад бий. Тэднийг аврагч холбоочин гэж нэрлэдэг. Тэгвэл өнөөдөр энэ байгууллага аврагч холбоочин бүсгүйд монгол гэр бэлэглэлээ. Ес дэх жилдээ ажиллаж байгаа холбоочин эмэгтэйн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага байсныг энэ байгууллагын удирдлагууд хэлж байна. Бусдын төлөө зүтгэх үүрэгтэй хүмүүсийн ар гэрийн асуудал баттай байх ёстой гэдгийг ч онцоллоо.

НОБГ алба хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарал хандуулан ажилладаг. Жил бүр алба хаагчид дундаас нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх шаардлагатай, дэмжлэг хэрэгтэй алба хаагчдаа сонгон бодит дэмжлэг үзүүлдэг. Энэ удаад НОБГ-т аврах холбоочиноор ажиллаад 9 жил болж байгаа Уранзул болон бусад алба хаагчдад өргөө цагаан гэр гардууллаа. 

Аврагч холбоочин Т. Уранзул нь охины хамт амьдардаг. Албандаа хариуцлагатай ажиллаж, олон амжилтын эзэн болж байсныг хамт олон нь дурсаж байна. Тэрээр өнөөдөр өргөө цагаан гэрээ ерөөлийн үгтэй гардан авлаа. НОБГ-ын удирдлагууд хамтран зүтгэгчид, гэр бүлийн төлөөллүүд түүний баярыг ийнхүү хуваалцлаа.