Нийгэм

Сүүлийн үед тарваган тахлын хэд хэдэн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж байгаатай холбоотойгоор албаныхан сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байгаа. Гэтэл холбогдох албаныхан он гарсаар 20 удаагийн үйлдлээр 109 нойтон тарвагыг шалгалтын явцад илрүүлж ЗӨСҮТ-д хүлээлгэн өгсөн байна. Тарваган тахал нь коронавируст цар тахлаас ч аюултай, үхэлд хүргэх эрсдэл их учир иргэдийг тарвага агнахгүй байх, махыг нь хэрэглэхгүй байхыг дахин анхаарууллаа.

Автотээврийн шалган бүртгэх товчоо болон хяналтын цэгүүдээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслүүд болон зорчигчийн ачаа тээвэрт цагдаа, мэргэжлийн хяналт, мал эмнэлэг зэрэг байгууллагууд хамтран үзлэг, шалгалт хийсэн байна. Ингэхдэ тарвага түүний гаралтай түүхий эд илэрсэн тохиолдолд хураан авч, ЗӨСҮТ-д хүлээлгэн өгч байгаагаас гадна тээврийн хэрэгсэлд ариутгал хийх, зорчигчдын очих хаягийг тодруулан бүртгэх зэрэг арга хэмжээ авч нийтийн хэв журмыг сахиулан ажиллаж байгаа юм.

Нийслэл рүү орох Эмээлт, Өлзийт, Морингийн даваа, Өвөр гүнт, Хонхор дахь шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн байгууллагууд хамтран 24 цагаар хяналт шалгалт хийж байгаа юм. Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу нийт 5400 орчим тээврийн хэрэгслийг хяналт, шалгалтад хамруулж, 14,400 орчим иргэний ачаа тээш болон худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүнд хяналт шалтгалт хийсэн байна.  

Энэ жил дэлхий дахинд болоод Монгол Улсад тарваган тахлын эрсдэл их байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Байгалийн голомтот гоц аюулт тарваган тахал нь шууд хавьтал, дам халдвар, агаар дусал, хоол хүнсээр дамжин тархдаг учир бусдад халдварлах эрсдэл маш их. Мөн нас баралт өндөр халдварт өвчин юм. Иймд тарваганы мах идэхгүй, эмчилгээний зориулалтаар хэрэглэхгүй, үхсэн сэг зэмд нь хүрэхгүй байхыг албаныхан анхааруулж байна.