Нийгэм

Боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцэн АНУ шинэ зөвлөмж боловсруулжээ. Зөвлөмжид хэрэв таны хүүхдэд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл сургуульд явуулалгүйгээр гэрт нь тусгаарлах, үүний дараа мэргэжлийн эмчээс зөвлөгөө ав гэжээ. Хүн амын дунд халдвар тархах эрсдлээс сэргийлэх үүднээс ийм арга хэмжээ авч байгааг онцолсон байна. Харин халдварын тухайд өчигдөр АНУ-д 55 мянган хүн нэмж өвчилжээ. Дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын мэдээллээс хүргэе.

Өвчилсөн хүний тоо дэлхий дахинд 214 мянгаар нэмэгдэж нийт тохиолдлын тоо 20 /20,550,481/ саяд хүрлээ.  Мөн халдварын улмаас өчигдөр 4000 хүн амь насаа алджээ.

АНУ-д 55 мянган хүн нэмж халдвар авчээ. Тохиолдлын тоо 5.1 саяд /5,197,000/ хүрсэн бол 166,026 хүн нас баржээ.

Бразилд мөн адил 55 мянган хүн шинээр халдвар авсан байна. Өвчилсөн хүний тоо Бразилд 3,164,785 хүрч, халдварын улмаас 104,201 хүн нас баржээ.

Энэтхэгт халдвар авсан хүний тоо 67 мянгаар нэмэгдэж 2,3 саяд /2,329,638/ хүрчээ.  Мөн 46,091 хүн халдварын улмаас нас барсан байна.

ОХУ-д тохиолдлын тоо 900,745 хүрсэн бол халдварын улмаас 15,231 хүн нас баржээ. Өчигдөр тус улсад халдварын 5102 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Харин цар тахлын улмаас 129 хүн амиа алджээ.

АНУ: ХАЛДВАРЫН ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ СУРГУУЛЬД НЬ ЯВУУЛАЛГҮЙГЭЭР ГЭРТ ТУСГААРЛАХЫГ ЗӨВЛӨЖЭЭ

Боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцэн оюутан сурагчдыг халдвар авах эрсдлээс сэргийлж АНУ шинээр зөвлөмж боловсруулсан байна. Хэрэв таны хүүхдэд халдварын шинж тэмдэг илэрвэл гэрт тусгаарлах, мэргэжлийн эмчээс утсаар зөвлөгөө авах хэрэгтэй, мөн өдөр бүр хичээлд нь явуулахдаа биеийн халууныг үзэж байх зэрэг хэд хэдэн асуудлыг зөвлөмжид тусгажээ. Мөн боловсролын байгууллагууд болзошгүй эрсдлээс сэргийлж, аюулгүй орчин бүрдүүлсний дараа хүүхдүүдээ хүлээн авах ёстойг ч сануулжээ. Энэ долоо хоног зарим сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөө л сурагчдын дунд халдвар гарч эхэлсэн. Тиймээс хүн амын дунд халдвар тараах эрсдлээс сэргийлж шинээр зөвлөмж боловсруулсан байна. Үүнээс гадна залуудыг амны хаалт тогтмол зүүж, олон нийтийн газраар онцын шаардлагагүй бол явахгүй байхыг анхааруулжээ.

ЯПОН УЛСАД 978 ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

Азийн зарим улс орны мэдээллээс хүргэе. БНХАУ-д өвчилсөн хүний тоо 82-оор нэмэгджээ. Үүний 11 нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол байсан бол бусад дотоодын халдвар байжээ. Япон Улсад 978 хүн нэмж өвчилж, халдварын улмаас 5 хүн амь насаа алдсан байна. Тус улсад халдвар эрчимтэй тархаж байгаа бөгөөд зарим газруудад хөл хорионы дэглэм тогтоож эхлээд байгаа юм.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРТАЙ ХОЛБООТОЙ БАТЛАГДААГҮЙ МЭДЭЭЛЛЭЭС БОЛЖ 800 ГАРУЙ ХҮН НАС БАРЖЭЭ

ДЭМБ-аас халдвартай тэмцэхийн тулд улс орнууд нэгдэх ёстойг сануулсаар байгаа. Энэ хүрээнд сүүлийн үед хийгдсэн, судалгаа, амжилттай байгаа эмчилгээний аргаасаа өөр хоорондоо хуваалцахыг зөвөлсөн. Учир нь батлагдаагүй, буруу ташаа мэдээлэл иргэдийг төөрөгдөлд оруулж, улмаар амь насаа эрсдэлд оруулах аюул байгаа гэжээ. Буруу ташаа мэдээллээс болж өнгөрсөн хугацаанд нийт 800 гаруй хүн амь насаа алджээ. Нийт 85 орны 25 хэл дээр цахим орчинд худал мэдээлэл гарсан байна. Эдгээр мэдээллээс үүдэж иргэд янз бүрийн эмийг тунг хэтрүүлэн хэрэглэж улмаар амь насаа алдах тохиолдол их гарсан. Тиймээс үнэн зөв мэдээллийг авах, худал мэдээлэл итгэхгүй байхыг анхаарууллаа.