Асуудал хүндээ байна уу? 80 км/цагтаа байна уу?

Нийгэм

Асуудал хүндээ байна уу? 80 км/цагтаа байна уу?

Төв аймгийн Лүн суманд 2019 онд Ландкруйзер 200 маркийн автомашины жолооч хурд хэтрүүлэн явах үед нь цагдаа саатуулж, гаргасан зөрчлийн талаар хэлж, Зөрчлийн тухай хуулиар 50.0 төгрөгөөр торгожээ. Тэгтэл жолооч "Миний машин том мотортой учраас жоохон гишгэхэд хурд нь хэтэрдэг, та нар муусайн луйварчид шалтаг хайж торголоо" гэж хэлээд цааш хөдлөв. Гэтэл төд удалгүй өөр автомашиныг гүйцэж түрүүлэх үедээ осолдож, улмаар үерийн усанд урсан, зорчин явсан 4 хүний амь нас хохирчээ. Энэ мэтчилэн хөдөө, орон нутагт зам тээврийн осол ихээр гарч, олон хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгааг 80 километр цагийн хурдтай холбож, үүнийг нэмж ядаж л 100 болгох хэрэгтэй гэх санал, сэтгэгдлийг олон нийтийн сүлжээнд ч бичсэн харагддаг.

Асуудал нээрэн 80 км.цагт бий юу? Олон улсад километр цагийн хурдыг хэрхэн тогтоодог юм бол?

Жишээ нь: БНХАУ-ын Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 2004 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Үүнд, Эх газрын Хятадын хурдны зам дээр явах автомашины дээд хурдыг нь 120 км/цаг, хагас хурдны зам болон хотын хурдны замд 100 км/цаг хурдтай байхаар тогтоожээ. Мөн Хятадын үндэсний зам дээр нийтлэг хурдны хязгаар нь 80 км/цаг /хурдны зам биш/, зарим орон нутгийн замд хурдны хязгаар 40 км/цаг миль хүртэл байхаар зохицуулсан байна. Харин манай улсад шинэ нисэх буудал хүрэх нэг л хурдны зам бий. Тэр замаар хөдөлгөөнд оролцоход хурдны дээд хязгаар 100 км, цаг. Харин бусад орон нутгийн замд 80 км, цагийн хурдтай зорчих дүрэм мөрдөгдөж байна.

Өөрөөр хэлбэл, автомашины хурдыг тогтоосон хууль дүрэм урд хөршийнхтэй адил бөгөөд дэлхийн жишгээс гажсан, гайхмаар "удаан" хурдыг Монголд тогтоогоогүй гэсэн үг.

"Орон нутгийн замд осол яагаад гараад байна вэ" Энэ асуултад ослын газарт ажилладаг мөрдөгч нар: Жолооч нарын дийлэнх нь замын хөдөлгөөний дүрмийн талаар мэдлэггүй, Чанаргүй жолооны курсээс болж ур чадваргүй жолооч нар олноор төгсдөг Дүрэм мэддэггүй жолооч нар хэт олширсон, Жолооч нар хэнэггүй, хайнга, хөнгөмсөг байдлаасаа болж хурд хэтрүүлэх, улмаар бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулдаг гэмт хэрэг зөрчил буурахгүй байна гэдэг хариулт хэлжээ.

Дахин нэг жишээ дурдахад иргэн Б шинэ тээврийн хэрэгсэл худалдаж авсан гэх шалтгаанаар найзуудтайгаа архидан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, урсгал сөрж давхих үед өөдөөс ирж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, дотор нь зорчин сууж явсан гэр бүлийн хүмүүсийн амь насыг хохироосон осол бүртгэгдэж байв. Тэгвэл асуудал 80 км. цагтаа байна уу, жолоочид байна уу?! ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ