Нийгэм

Удахүй хүйтэрч галлагааны өдрүүд эхэлнэ. Удаан ашиглаагүй яндан, пийшингээ засч янзлаагүйн улмаас угаартаж амь насаа алдах эрсдэл нэмэгддэг.  Өнгөрсөн жилүүдийн гашуун туршлага ч бий. Энгийн хэрнээ, дээр нь хувь хүний асуудал мэт боловч бүгд эрүүл мэндээ хамгаалан яндан хөөлөх ажилд цаг зарцуулахыг орчны бохирдол бууруулах Үндэсний хороо сануулж байгаа юм. Сургалт, заавар зөвлөгөө ч нийслэлийн дүүргүүдэд хэрэгжиж эхэлсэн байна.   

"Яндангаа хөөлье" аяны хүрээнд 400 яндан хөөлөгч бэлтгэхээр Таван Mолгой түлш компани ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар сургалтад хамрагдсан 100 гаруй яндан хөөлөгч ажиллаж айл өрхүүдэд заавар зөвлөмж өгөх, яндангаа хөөлөх боломжгүй буюу хүн бүлгүй, өндөр настай, хэвтрийн, бага насны хүүхэдтэй зэрэг айлын янданг хөөлж байгаа юм. 200 өрх тутамд нэг зөвлөгч байхаар тооцсон байна. Баянзүрх салбарт шинээр ажилд орж байгаа хүмүүст зааварчилгаа өгөх сургалтыг зохион байгууллаа. Сургалтад хамрагдагсад яндангийн худаг ямар байхаас шалтгаалж яндангаа хаанаас нь эхэлж хөөлөх, хаана нь нүх гаргаж хөөгөө авах, янданг нь хуучин хэвэнд нь оруулах өрлөгийг хэрхэн хийх зэргийг сургалтаар олж авах юм.  

Аян зарлагдснаас хойш буюу ес хоногийн хугацаанд Таван Толгой түлш компанийн утсанд 3000 гаруй дуудлага ирсэн байна. Эдгээрээс 500 гаруй дуудлагад айл өрхөд очиж янданг хөөлөх үйлчилгээг үзүүлжээ.

Яндан хөөлөгчид айл өрхүүдээр багаараа буюу хоёулаа хамт явах юм байна. Тодруулбал эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг нэг баг болгон гаргах юм. Эрэгтэй нь айлын байшин дээр гарч яндан хөөлөх бол эмэгтэй нь дээрээс унасан хөөг хамах, доор гаргасан нүхийг эргэж бөглөх буюу тоосго өрж шавардаж хэвийн байдалд нь оруулах ажлыг хийх юм. Яндан хөөлөх ажилд орох эмэгтэйчүүдэд  барилгын засал чимэглэл хийдэг байх шаардлага тавьж сонгон авчээ.