Нийгэм

Зүүн аймгуудыг зорьсон отор нүүдэл тасрахгүй байна. Энэ жил төвийн болон говийн аймгуудаар зуншлага тааруу байсан. Тиймдээ ч дээрх аймгийн малчид малаа онд оруулахын тулд 500 км-ээс дээш отор нүүдэл хийж байна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин Түвшинжаргал бод малаа оторлуулахаар Дорнод аймгийг зорьж байгаатай манай сурвалжлах хэсэг  таарч сурвалжилга бэлтгэлээ.

Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин Түвшинжаргал, гэргий Азжаргал болон өөрийн ойрын төрлийн хоёр хамаатантай бод малаа онд оруулахаар 300 гаруй км-ын цаанаас 7 хоногийн өмнө гарчээ. Гэхдээ тэд замынхаа талд ч ороогүй явна. Тэд одоо 500 гаруй км замыг туулна. Нутагтаа “бөмбөр” гэдэг хочтой тэрээр бага наснаасаа мал малласан гэнэ. Энэ жил Өвөрхангай аймагт зуншлага тааруу, дээр нь бэлчээрийн даац ч хэтэрсэн байна. Ингээд амьжиргааны эх үүсвэр болсон хэдэн малаа онд оруулахаар 800 орчим км-т отор хийж яваа энэ юм аа. Бид тэдэнтэй Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт таарсан юм аа.

Бүрд сумаас гараад 7 хоносон, бага мал нь ядарч эцэж байгааг  хэлж байна.

Зарим хүмүүс отор хийж яваа биднийг жаргалтайдаа ингэж яваа мэт ойлгох юм. Малчин бидний амьжиргааны эх үүсвэр мал. Бид малгүй бол амьдралгүй. Тиймээс өвсний сорыг хөөж, дааарч хөрч явна

гэж ярилаа. Өдөрт 40 орчим км яваад малаа амраадаг байна. Эрчүүд нь малаа тууна. Харин гэргий Азжаргал  нь машинаа унаж, отроо дагаж явдаг байна. 

Биднийг сурвалжлага бэлтгэж очих үеэр Улаанбаатар хотод амьдардаг ах дүүсийнх нь  төлөөлөл нь оторт явж байгаа дүү нараа эргэж ирж таарсан юм. Тэднийг халуун цай ундаар дайлж, нэг өдөр малыг туулцан хамт явахаар болжээ.

Эдний отор Дорнод аймгийн Булган сумыг зорьж яваа. Тэндээ өвөлжиж хэдэн малаа онд оруулаад хавар буцна. Очсон газар минь битгий хөөгөөсэй гэж найдаж залбираад явж байна даа гэсээр дараагийнхаа буух газар руу хөдөллөө.