Нийгэм

Төв аймгийн Батсүмбэр сум Буган халиун үхрээ шинэ үүлдэр болгон албан ёсоор баталгаажуулж улсын бүртгэлд бүртгэлээ. Сүү, махны хосолсон чиглэлээр бий болгосон буган халиун үхрийн амьдын жин энгийн үхэрнээс 20-30 хувь илүү, сүүний гарц 3-4 дахин их байгаа юм. Ашиг шим өндөртэй энэ үхрийг олон жилийн хугацаанд гарган авчээ. Цаашид ч ашиг шимийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.

Өнгөрсөн 6-р сард Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдийн амьжиргааг олон жил залгуулж байгаа Буган Халиун үүлдрийн хэсгийн үхрийг Монгол Улсад шинээр зохион бүтээсэн мал амьтны улсын бүртгэлд баталгаажуулсан байна.

Энэ хүрээнд өнөөдөр сумын удирдлага, эрдэмтэн судлаачид, малчдын төлөөлөл онол практикийн бага хурал зохион байгуулж сайдын батламжийг албан ёсоор гардууллаа. Буган халиун үүлдрийн хэсгийн үхэр нь сүү махны чиглэлийн хосолмол ашиг шимт үхэр бөгөөд энгийн үхрээс амьдын жин 20-30 хувь илүү сүүний гарц 3-4 дахин их байна.