Нийгэм

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Бадрах Энержи компани уран олборлож байгаагаас үүдэн цацраг идэвхт бодис хүн малд нөлөөлж байгаа талаар иргэний нийгмийн байгууллагууд мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлыг шалгахаар засгийн газраас ажлын хэсэг байгуулж Улаанбадрах сум руу илгээжээ. Ажлын хэсэг шалгалтын дүнгээ нэгтгэн өнөөдөр танилцууллаа. Цацраг идэвхт бодис зарим газар хэвийн хэмжээнээс өндөр байсан ч хүн малд нөлөөлөх хэмжээнд биш гэдгийг онцоллоо.

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт цацраг идэвхит ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг Бадрах энержи компанийн үйл ажиллагаа хүн малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа эсэхэд хяналт шалтгалт хийж 296 дээж авч шинжилэхэд ямар нэгэн ноцтой зөрчил илрээгүй гэлээ. Харин говийн ундны усны худгуудад шинжилгээ хийхэд удаан хугацаанд хэрэглэвэл эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэх дүгнэлт гарсан байна. Улаанбадрах сумын малчдын хотонд 5 хөлтэй тугал болон ургийн гажигтай хүүхэд төрөх болсон талаар иргэд мэдээлсэн. Тэгвэл энэ нь ураны хор хөнөөл биш энгийн нэг ургийн гажиг тул улстөржүүлэх шаардлагагүй гэлээ.

УЛААНБАДРАХ СУМЫН ИРГЭД УРАНЫ АЮУЛААС АЙСНААС ҮҮДЭЖ СЭТГЭЛ ЗҮЙН ЭМГЭГТЭЙ БОЛСОН БАЙХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хөрс болон усанд шинжилгээ хийсэн байна. Нийт 11 дээж авснаас заримд нь ураны хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарчээ. Малчдын унд, ахуйн зориулттай 4-65 метрийн гүнтэй 16 худаг, 1 булгийн уснаас дээж авахад 4 худагт ураны зөвшөөрөгдэх хэмжээнээс 4,4-11 дахин их гэж гарсныг албаны хүн хэллээ. Энэ нь байнга хэрэглэвэл эрүүл мэндэд хор нөлөөтэй гэдгийг санууллаа.

Улаанбадрах сумын иргэдийн ундны уснаас уран зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарч удаан хэрэглэвэл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэсэн дүгнэлт гарсан. Гэвч иргэдийн мэдээлж байгаа шиг хүн малын эрүүл мэндэд онцгойлон сөргөөр нөлөөлөх зүйл тогтоогдоогүй гэдгийг албаны хүмүүс ийнхүү хэллээ.