Нийгэм

Монгол улсын шадар сайд Содбаатар цагаан хадан дахь боомтын нөхцөл байдалтай өнөөдөр танилцлаа. Жолооч нарт тухтай амрах газар байтугай тогь цахилгаан ч дутуу дулимаг энэ боомтод 15 мянга гаруй хүн ажиллаж амьдардаг. Сайнаас мууг хүртэл бүх зүйл бий болж цагаан хад хэмээх бүхэл бүтэн ертөнц болон хувирсан энэ газарт тохижилт зохион байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Эхний ээлжинд кабиндаа хэдэн долоо хоногоор амьдардаг жолооч нарыг амраах зогсоол бий болгож байгаа юм. Энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Цагаан хад боомтод 10 мянга гаруй жолооч ажиллаж, оочер дараалал ихтэй үед хэдэн долоо хоногоор кабиндаа амьдрах хэрэгтэй болдог. Өвлийн цагт кабинаа дулаацуулах гэсний улмаас галд өртөх, машин хооронд хавчуулагдах, олон хоног нойргүй явсны улмаас онхолдох гээд янз бүрийн шалтгааны улмаас амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа юм. Тийм учраас жолооч нарт зориулж тайван зогсоол нэртэй амралтын хэсэг байгуулж эхэлсэн. Энэ зогсоол 60 гаруй км үргэлжилж, 2500 орчим автомашин багтаах зайтай юм. Мөн усанд орох газраас эхлээд түц машин, банк эмнэлэг, нийгмийн даатгал зэрэг иргэнд шаардлагатай төрийн бүх үйлчилгээг төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

Жолооч нарын хувьд цагаан хад боомтод удаан хугацаагаар ажилладаг. Оочер дараалал ихтэй үед бүтэн 2 долоо хоног ч машиндаа амьдрах шаардлага тулгардаг байна. Тийм учраас жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах нь энэ боомтод хийгдэх эхний ажил гэдгийг жолооч нарын холбооны тэргүүн хэлж байна.

Урд хөрш зарим үед цөөхөн машин оруулбал уртаас урт оочер дараалал үүсдэг. Өнөөдрийн байдлаар өдөртөө мянга гаруй автомашин нэвтэрч, хоёр тал хурдтай ажиллаж байгааг жолооч нар онцоллоо.Хил гаалиар нүүрс тээврийн автомашины орж гарах хөдөлгөөнийг улам нэмэгдүүлэхийн тулд шинээр 10 гарц нэмж барихаар төлөвлөжээ.