Нийгэм

Гэр бүл салалтын улмаас хүүхэд өнчирсөн тохиолдолд хуулийн дагуу эцэг, эх тэтгэмж өгч, хяналт тавих ёстой. Гэтэл энэ хуулийн хэрэгжилт муу байгаагаас хүүхэд хүчирхийлэлд өртдөг, гэмт хэргийн золиос болох шалтгаан болдог байна. Өнөөдөр манай улсад шүүхийн шийдвэрээр тэтгэмж төлөх ёстой 5 мянга гаруй иргэн байдаг ч тал хувь нь л үүргээ биелүүлдэг байна.

Гэр бүл бол улсын үндэс гэдэг.  Гэтэл харамсалтай нь сүүлийн үед салалт ихсэх болсон. Шүүхийн шийдвэрээр жилд 4000 орчим гэр бүл салж, мянга хүрэхгүй тохиолдолд хүүхдийн тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэдэг байна. Үлдсэн 3,000 орчим салалтаас хүүхдийн тэтгэмж авч чаддаггүй гэсэн үг юм.  Одоогоор шүүхээр албадан шийдвэр гарч тэтгэмж төлөх ёстой 4689 иргэн байгаагаас тал хувь нь буюу 2,564 нь хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй хуримтлалтын төлбөртэй байна. 

4689 ИРГЭН ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ ТӨЛӨХ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРСАН Ч 2,564 НЬ НЭГ САРААС ДЭЭШ ХУГАЦААГААР ТЭТГЭЛГЭЭ ӨГӨӨГҮЙ БАЙНА  

2019 оны байдлаар өрх толгойлсон 72 мянган эх, 19.5 мянган эцэг байна. Хүүхдийн тэтгэлгийг амьжиргааны доод түвшинтэй тэнц үү хэмжээний буюу 230 мянган төгрөгийн  тэтгэмж төлөх хуулийн заалттай. Хүүхдийнхээ тэтгэлгийг төлөх асуудал нь тухайн хүний хариуцлага, ухамсартай шууд холбоотой гэдгийг онцоллоо. Мөн үүний дараах шалтгаанд ажил хөдөлмөр эрхэлж байгаа эсэх, цалин орлоготой байгаа эсэхээс шалтгаалдаг гэлээ. Харин хариуцлагын хувьд харьцангуй хөнгөн буюу албадан сургалтанд хамруулах, 100 мянган төгрөгөөр торгох зэрэг шийтгэл ногдуулдаг байна.  Зарим иргэд торгуулиа төлөөд хүүхдийнхээ тэтгэлгийг төлөхгүй жил гаран явдаг тохиолдол ч байдаг гэлээ. 

Нэгэн жишээ дурдая. БНСУ гэр бүл салалтын тоо бага орны эхний аравт багтдаг. Учир нь Гэр бүлийн хуулиараа эхнэр, нөхөр хариуцлагаа хүлээж чаддаг, хоорондоо таарч тохирохгүй байсан ч гэр бүлийнхээ, хүүхдийнхээ өмнө үүрэг хариуцлагаа хүлээж байдаг учраас салалтыг урьтал болгодоггүй. Салсан хэдий ч хүүхдийнхээ өмнө эцэг, эх байх үүрэг, хариуцлагаа дээд зэргээр ухамсарладаг.  Гэтэл манай улсын иргэд гэр бүл зохиохдоо сэтгэл хөөрлөөр хандаж эцэс сүүлд нь хариуцлагаас зугтах асуудал түгээмэл байсаар байна.