Спорт

Арлын Япон улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн чухал үйл явцад бэлтгэн, нэгдсэн дадлага сургуулилт хийжээ. Японы нийслэл Токио хотын баруун хэсэгт байрлах Хамура хотод “Токио-2020” Олимпийн наадмын галт бамбарыг аялуулах үйл явцад бэлтгэсэн байна. 

Хамурад болсон Олимпийн галт бамбарыг аялуулах арга хэмжээний нэгдсэн бэлтгэл сургуулилтыг Японы Үндэсний Олимпийн хороо, “Токио-2020” Олимпийн наадмын зохион байгуулах хороо болоод Токио хотын захиргаа, Олимпийн ивээн тэтгэгч компаниуд хамтран зохион байгуулжээ. Энэ үеэр Олимпийн галт бамбарыг нийтдээ 800 метр зайтай газарт, олон нийтийн зам дээр аялуулан сургуулилсан байна. Үүний тулд хотын гол авто замыг 2 цагийн хугацаагаар хааж, энэ хооронд Олимпийн бамбарыг гараас гарт дамжуулан өртөөчлөн аялуулжээ. Олимпийн галт бамбарыг гараас гарт дамжуулан аялуулсан нэр хүндтэй хүмүүсийг 30-аад машин бүхий цуваа дагалдсан байна. Галт бамбарыг аялуулах бэлтгэлд Японы нэртэй жүжигчин Сатоми Ишихара байжээ. Токио-2020 Олимпийн наадмын галт бамбарыг ирэх 3-р сарын 26-наас эхлэн Японы нийтдээ 859 хот суурин газраар дамжуулан аялуулах юм.