Малайз Улсад метроны хоёр галт тэрэг өөд өөдөөсөө явж байгаад мөргөлджээ

Үйл явдал

Малайз улсын нийслэл Куала Лумпур хотод метроны галт тэрэг осолдсон хэрэг гарсан байна. Өчигдөр орой Малайзын цагаар оройн 20 цаг орчимд осол болсон.

213 зорчигч тээвэрлэж явсан метроны галт тэрэг 20:45 (GMT 12:45) орчимд Петронас цамхагийн ойролцоох хонгилд хоосон галт тэрэгтэй мөргөлджээ. Хоосон байсан галт тэрэг нь засвараас гараад явж байсан. Хоёр галт тэрэг өөд өөдөөсөө чиглэж байсан учраас осол болсон гэж мэдээллээ. Цагдаа нарын мэдээлж байгаагаар энэ бол санаатай гэмт хэрэг байгаагүй. Бэртэл авсан 213 хүний 47-гийнх нь биеийн байдал хүнд, 166 хүн хөнгөвтөр байгаа гэсэн байна.  Хэрэг гарсан метроны чиглэл нь дэлхийн метрополитан хотуудын нэг болох Куала Лумпурын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй хэсгүүдийн нэг. Малайзын ерөнхий сайд Мухиддин Яссин өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан, ослын шалтгааныг олж, холбогдох хүмүүсийг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг үүрэгдсэн талаар мэдэгджээ.