ХӨСҮТ: Вакцины II тундаа хамрагдаад халдвар авсан 3 мянга гаруй тохиолдол байна

Ковид-19 /дотоод/

Ойрын хавьтлын шинжилгээг 24 цагийн хугацаанд дүүрэг, өрхийн эмнэлгүүд авч ажиллаж байгаа. ХӨСҮТ-өөс мэдээлж байгаагаар 80-90 хувийн хамралттайгаар ойрын хавьтлын шинжилгээг авч байгаа гэлээ. Мөн манай улсад эрсдлийн тухайд өндөр байгааг ХӨСҮТ-өөс анхааруулсаар байна. Тухайлбал манай улсад вакцины 1-р тунгаа хийлгээд 9 мянга орчим хүн өвдсөн бол  хоёр тунгаа хийлгээд халдвар авсан гурван мянга гаруй тохиолдол байгааг хэллээ.

Тухайлбал АНУ-д вакцины бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон 343 хүн барсан байна. Гэхдээ дээрх хүмүүсийн дийлэнх нь өндөр настай, хууч өвчтэй хүмүүс байсан тухай мэргэжлийн хүн хэллээ.

Харин манай улсад вакцины 2-р тунгаа хийлгээд 14 хоног дотроо хүндэрч нас барсан таван тохиолдол гарчээ. Тиймээс цаашид вакцины бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон ч гэлээ архаг хууч өвчтэй хүмүүс, өндөр настнууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах ёстойг мэргэжлийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна. Мэдээж вакцинжуулалтад бүрэн хамрагдсанаар гарах эрсдэл, хүндрэл буурч байгаа ч иргэдийн санамсар болгоомжгүй, хайнга байдлаас болж эрсдэл гарах магадлал байгааг ХӨСҮТ-ийн тандалт судалгааны баг тооцоолжээ.