Токио-2020: Тамирчдын хотхонд эхний Ковид-19 халдварын тохиолдол бүртгэгджээ

Ковид-19 /дэлхий/

Тамирчдын хотхонд эхний Ковид-19 халдварын тохиолдол бүртгэгдэж, наадам эхлэхийн өмнө айдас төрүүллээ.

Бямба гарагт Токио олимпын наадмын зохион байгуулагчдын хэлж байгаагаар, тамирчдын хотхонд нэг хүнээс КОВИД-19 илрүүлэг шинжилгээгээр эерэг гарсан байна. Тохиолдол илэрсэн газар нь наадамд өрсөлдөхөөр ирсэн ихэнх тамирчдын байрлаж буй хотхон юм. 

Өдөр бүр заавал авдаг шинжилгээгээр Баасан гарагт гадаадаас ирсэн нэг хүний хариу эерэг гарч, хувийн аюулгүй байдлын үүднээс аль улсын иргэн болохыг нууцалж  байна. 

Токио-2020 олимпийн наадмыг дэлхий дахинд дэгдсэн цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулаад байсан. Харин энэ сарын 23-нд үзэгчгүйгээр хатуу тусгаарлах дүрэм журмыг хэрэгжүүлж зохион байгуулж байгаа. 

Японы иргэдийн зүгээс Олимпын наадам зохион байгуулж байгаад эсэргүүцэлтэй байгаа ч Токио-2020 олимпийн наадмын ерөнхийлөгч Сэйко Хашимото 

''Санаа зовох олон хүчин зүйл байгааг би ойлгож байна. Зохион байгуулагчид хүмүүст энэ наадмыг аюулгүй гэдгийг ойлгуулахын тулд улам хичээх ёстой''

гэж Бямба гарагт хийсэн хэвлэлийн хурал дээрээ дурджээ.

Одоогоор Олимпын наадамтай холбоотой гадаад, дотоодын 40 гаруй хүнээс халдварын тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийнх нь 11,000 тамирчид байрлах тамирчдын хотхонд анх удаа гарсан нь энэ юм.

7 сарын 23-наас 8 сарын 8 хүртэл үргэлжлэх Олимпын наадамд тамирчид эхнээсээ одоо ирсээр л байна. Зохион байгуулагчдын зүгээс халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх гэж хичээж байгаа ч зарим нэг зөрчил гарсан нь Уганда Улсын хүндийг өргөгч тамирчин Жулиус Ссекитолеко багийнхаа бэлтгэлийн газраас Баасан гарагт алга болжээ. Холбогдох албаныхан түүнийг одоо ч гэсэн хайсаар байна. Угандад амьдрал хэцүү байгаа учраас тэрээр Япон Улсад үлдэж ажиллахыг хүсч байна гэсэн зурвас үлдээгээд явсан гэсэн мэдээлэл байна. 

Эх сурвалж: Reuters