Улс төр

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, хэрвээ Анкара Вашингтоноос тавьж байгаа хүсэлт шаардлагыг биелүүлэхгүй бол Туркийн эдийн засгийг “устгах болно” гэж заналхийлсэн байна. Цагаан ордны тэргүүн Туркийн эсрэг ийм хурц мэдэгдэл хийхдээ чухам ямар хүсэлт шаардлагын талаар ярьж байгаагаа тодруулаагүй байна. 

Ерөнхийлөгч Трампын өөрийн твиттер хуудсаараа дамжуулан хийсэн мэдэгдэл Турк улс Сирийн хойд нутагт курдын эсрэг цэргийн ажиллагаанд бэлтгэж байгаа үйл явцтай цаг хугацааны хувьд давхацжээ. Тэгвэл Сирийн курдууд нь Исламын улс бүлэглэлийн эсрэг АНУ-ын явуулж байсан цэргийн ажиллагаанд гол хамтрагч нь байсан учраас магадгүй Вашингтон Сирийн курдуудыг Туркийн талаас хамгаалж дээрх мэдэгдлийг хийсэн байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Цагаан ордны тэргүүн Дональд Трамп өнгөрсөн 1-р сард мэдэгдэл хийж, хэрвээ Анкара Вашингтон Сириэс цэрэг дайчдаа гаргасны дараагаар Сири дэх курдуудын байрлал руу цохилт дайралт хийвэл Турк улсын эсрэг эдийн засгийн хориг тавихаа мэдэгдэж байжээ.

Трамп твиттер хуудсан дээрээ “Би өмнө нь мэдэгдэж байсан, одоо дахин давтан хэлье. Хэрвээ Турк улс Сирийн курдуудын эсрэг ямарваа цэргийн үйл ажиллагаа явуулбал би Туркийн эдийн засгийг бүхэлд нь устгаж, нураах болно” гэж бичжээ.