Улс төр

Турк улс Сирийн хойд хэсэгт “Энхийн төлөө” нэртэй цэргийн ажиллагаа явуулж эхэлжээ. Цэргийн ажиллагаа Туркийн агаарын хүчнийхэн Сирийн хойд хэсэг дэх курдын зэвсэгт бүлэглэлийныы байрлал руу агаараас цохилт өгснөөр эхэлж, улмаар Сирийн нутаг руу хуягт техникүүдээ оруулж байна.

Туркийн батлан хамгаалахын яамнаас мэдээлснээр цэргийн ажиллагааг Сирийн нутаг дэвсгэр дээр, Евфрат голын зүүн хэсгээр давшилт хийн явуулж байгаа юм. Нийтдээ энэ өдөр Сирийн хойд хэсгийн Рас-аль-Айн, Тель Абъяд, Эль Камышлы, Айн Исса дүүрэгт 180 объект руу агаараас цохилт дайралт хийжээ.

Туркийн тал Сирийн курдын бүлэглэлийг алан хядах байгууллага, Курдын ажилчны намын нэг хэсэг гэж үздэг учраас курдууд төвлөрдөг Сирийн нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулж байгаа юм. Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Сирийн нутагт өргөн хүрээний цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн талаар мэдэгдэж, улс оронтой нь хил залгаа байрлаж байгаа алан хядагч, террорист бүлэглэлийг устгаж, бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг сахин хамгаалах зорилго тавиад байгаа талаараа мэдэгджээ. Эрдоган даваа гарагт мэдэгдэл хийж, Туркийн арми Сирийн хойд хэсэгт, Евфрат голын зүүн хэсгийн нутгаар цэргийн тусгай ажиллагаа явуулж, Сирийн газар нутгийг курдын зэвсэгт бүлэглэлүүдээс чөлөөлж, Туркэд байгаа Сирийн дүрвэгсдийг байрлуулах аюулгүйн бүс байгуулах болно гэж хэлсэн юм.

Тэгвэл Сирийн курдууд гартаа зэвсэг барьж тулалдах чадвартай хүн бүрийг Туркийн хилийн тийш нэгдэж, эсэргүүцэл үзүүлэхэд уриалсан байна. Түүнчлэн Сирийн курдууд АНУ тэргүүтэй эвслийн хүчинд хандан тэдний агаарын орон зайг нислэггүй бүс болгоход уриалжээ. 

“Сирийн Ардчилсан хүчин” нэртэй зэвсэгт бүлэглэл Туркийн цэргийн ажиллагааны эсрэг хариу дайралт хийж, хил дагуух Туркийн хотууд руу миномётоор харван, Сирийн Эль Хасака муж дахь нефтийн байгууламжийг галдан шатаажээ. “Сирийн Ардчилсан хүчин”-ий албаны төлөөлөгч Ахмад Муса “Дэлхий нийт Туркийн тал Сирийн хойд нутаг руу дайралт хийж байгаа гол шалтгааныг мэдэж байгаа. Бид хүний эрхийн болоод олон улсын хуулийн байгууллагууд, ардчилсан улс орнууд, ЕХ, НҮБ-ыг Туркийн эсрэг хатуу байр суурь баримтлахад уриалж байна” гэжээ.

Энэ хооронд Сирийн хойд нутгаас энгийн номхон иргэд дайжин зугтаж байна. Зарим эх сурвалж Туркийн цэргийн ажиллагааны дүнд энгийн номхон иргэд өртсөн талаарх мэдээлэл байгаа юм.