Улс төр

Энэтхэгийн эрх баригчид улсынхаа газар нутгийн маргаантай бүс нутаг болох Жамму Кашмир мужийг албан ёсоор хоёр хэсэг болгон хувааж, тусдаа засаг захиргаатай хоёр бие даасан газар орон болгох шийдвэр гаргажээ. Энэтхэгийн Жамму Кашмир мужийн зүүн хэсгийг одооноос Ладах гэж нэрлэх бол баруун хэсгийг урьдын адил Жамму Кашмир гэж нэрлэхээр тогтсон байна. Түүнчлэн хоёр бие даасан засаг захиргаа бүхий газар орныг Нью Делигийн засгийн газрын шууд хяналтанд шилжүүлжээ. 

Энэтхэгийн талын Кашмир бүс нутаг 10-р сарын 31-ний өдрөөс эхлэн ийнхүү хоёр хэсэг болон хуваагдлаа. Ингэснээр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газар өнгөрсөн 8-р сарын эхээр өгсөн амлалтаа биелүүлсэн байна. Энэтхэгийн эрх баригчдын энэ шийдвэр хөрш зэргэлдээх Пакистан улстай тэртээ тэргүй таагүй байгаа харилцааг улам муутгаж болзошгүй гэсэн болгоомжлол байгаа юм.

Жамму болон Кашмир муж нь одооноос эхлэн зүүн хэсгээрээ Хятад улстай хиллэсэн Ладах муж, мөн баруун хэсгээрээ Пакистантай хиллэж байгаа Жамму Кашмир муж болон албан ёсоор хуваагдлаа.

Кашмирын бүс нутгийг засаг захиргааны шинэ нэгжид хуваах тухай анх мэдээлсний дараагаар бүс нутагт хэдэн зуун хүн, тэр дундаа орон нутгийн улс төрийн тэргүүлэгчдийг баривчлан саатуулсан юм. Улмаар өнгөрсөн 8-р сараас хойш өнөөдрийг хүртэл 3 сарын туршид тэдгээр хүмүүсийг саатуулсан хэвээр байна. Сринагар болон Кашмирын бүс нутаг дахь бусад хотуудад аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажиллаж байна.