Эбрахим Раиси Ираны Ерөнхийлөгчийн албандаа орлоо

Улс төр

Ираны ерөнхийлөгчөөр сонгогдсон Эбрахим Раиси тангараг өргөн үүрэгт албандаа орлоо. Исламын улс орныг тэргүүлэх Раисигийн тангараг өргөх ёслол Тегеран хотын Межлис буюу парламентын ордонд болжээ. Ираны төрийн тэргүүний тангараг өргөх ёслолд НҮБ, ЕХ, мөн дэлхийн 73 улс орны төлөөлөл болсон 100-аад албаны хүн уригдан оролцжээ.

Эбрахим Раиси нь Ираны Исламын БНУ-ын тэргүүнээр сонгогдож байгаа 8 дахь ерөнхийлөгч болжээ. Энэ жил 60 настай Раиси нь Ираны улс төрийн, шашны, мөн төрийн зүтгэлтэн юм. Тэрээр 2017 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан ч Хасан Роуханид ялагдаж байжээ. Тэгвэл 2021 онд болсон ерөнхийлөгчийн сонгуульд Раиси дахин оролцож, иргэд сонгогчдын 61,95%-ийн саналаар тэргүүлсэн юм.

Раиси Межлист тангараг өргөх ёслолын үеэр улс орноо Америкийн хоригоос ангижруулах бодлого баримтлан ажиллана гэдгээ илэрхийлжээ. Түүнчлэн тэрээр Иран улс цөмийн хөтөлбөрөө цэвэр энхийн зорилгоор хэрэгжүүлж байгаа гэдгийг дахин тэмдэглэсэн байна. Эбрахим Раисиг Ираны шашны тэргүүн, аятолла Али Хаменеийн нутаг нэгтэн, түүний ойрын хамтрагч гэж үздэг юм. Раиси улсынхаа тэргүүнээр сонгогдохоосоо өмнө Ираны Дээд шүүхийн даргаар ажиллаж байжээ.