Кубын эрх баригчид иргэддээ жижиг, дунд хувийн бизнес эрхлэхийг зөвшөөрлөө

Улс төр

Эрх чөлөөний арал буюу Куба улс цар тахлын халдварын хүнд нөхцөл байдал, мөн улс орондоо өнгөрсөн сард өрнөсөн төр засгийн эсрэг иргэдийн жагсаал цуглааны улмаас эдийн засгийн чухал шийдвэр гаргажээ. Кубын эрх баригчид улсынхаа иргэдэд хувийн жижиг, дунд бизнес эрхлэн, үйлдвэрлэл үйлчилгээ явуулахыг албан ёсоор зөвшөөрчээ.

Кубын бизнесийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ониэль Диасын Франс Пресс агентлагт мэдээлснээр Кубад иргэдэд хувийн бизнес эрхлэх, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох шинэ хууль баталсныг иргэд нь олон жил хүлээж байжээ. Кубад шинээр нэвтрүүлж байгаа хуулийн дагуу Кубын иргэд 100 хүртэлх хүний нөөц, ажиллах хүчинтэйгээр хувийн үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд нээж, хувийн бизнес эрхлэх боломжтой болж байна.

Шинэ хууль нь Кубын эдийн засагт эерэгээр нөлөөлж, цар тахлаас үүдэлтэй, мөн олон улсын хориг саадаас шалтгаалан буурсан эдийн засгийн үзүүлэлтийг сэргээхэд ихээхэн ач тустай байх болно гэж үзэж байна. Кубын эрх баригчид улсынхаа эдийн засгийг шинэчлэх, хөгжүүлэх, мөн арлын энэ улсад сүүлийн 30 жил нүүрлэсэн эдийн засгийн хямралыг даван туулахад чиглэгдсэн шинэчлэлийн бодлогоо ийнхүү түлхүү хэрэгжүүлж эхэлжээ. Өнөөдөр Кубын 600-аад мянган иргэн хувийн салбарт ажилладаг нь нийт ажил эрхлэгч хүн амын ердөө 13%-ийг эзэлж байгаа юм.