Улс төр

Ирэх 12-р сарын 3,4-нд Английн нийслэл Лондон хотноо болох НАТО-ийн дээд хэмжээний уулзалтаас өмнө Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн 29 улс орон ирэх жилийн төсвийн асуудлаа хэлэлцжээ. Өнөөдрийн байдлаар НАТО-ийн төсөв 2 тэрбум еврогоор тоологдож байгаа юм. 

НАТО-ийн төсвийг бүрдүүлэхэд өмнө нь АНУ хамгийн их хөрөнгө гаргадаг байсан бол ирэх 2021 оноос эхлэн төсөв бүрдүүлэхэд Америк болон Герман улсууд адил хэмжээний татаас төлж байхаар болж байна.

  • Өнөөдрийн байдлаар НАТО-ийн төсвийн 22%-ийг АНУ дангаар бүрдүүлж, Герман улс 14,8%-ийн татаас төлдөг юм.

Тэгвэл НАТО-ийн улс орнуудын хамтран боловсруулсан шинэ схемийн дагуу 2021 оноос эхлэн Америк, Герман улсууд адилхан 16%-ийн татаас төлж байхаар болжээ. Төсвийн үлдсэн хувийг НАТО-ийн бусад гишүүн улс орнуудаас авах татаасаар бүрдүүлэх юм.

Ийнхүү 2021 оноос НАТО-д төвлөрүүлэх төсвийн мөнгөний схемийг шинэчилснээр Вашингтон жилд 120 сая евро хэмнэх боломжтой болно. Харин Берлин төсөвтөө НАТО-ийн татааст нэмж 33 сая евро суулгах нь ээ.