Улс төр

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель дэлхийн 2-р дайны үед еврейчүүдийг хоморголон хорьж байсан Освенцим хорих лагерьт очиж танилцжээ. Ангела Меркель улсынхаа засгийн эрхийг тэргүүлж байгаа 14 жилийн хугацаанд Освенцим хорих лагерь байсан газарт анх удаа ирж байгаа юм.  

Ангела Меркель Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецкийн хамтаар Освенцим хорих лагерийн дэргэдэх “хар хана” буюу нацистууд хоригдлуудыг бөөнөөр нь хоморголон устгаж, буудаж байсан газарт ирж цэцэрг өргөн хүндэтгэл үзүүлжээ. Түүнчлэн Освенцим хорих лагерийн хийн камерын дэргэд лаа асаан хүндэтгэл үзүүлсэн байна. Ангела Меркель Освенцимын дурсгалын цогцолбор газарт хэдэн цаг саатаж, Дэлхийн 2-р дайны хамгийн аймшигтай бөөнөөр хоморголон устгах газрын түүхтэй танилцаж, дайны хүнд жилүүдэд энд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ.

Освенцим нь нацистын Германы Дэлхийн 2-р дайны үед байгуулж, еврейн иргэдийг авчирч, хүнд хүчир ажил хийлгэж, улмаар хийн камерт бөөнөөр нь хоморголон устгаж байсан “тамын тогоо” гэж нэрлэгддэг газар юм.