Улс төр

Их Британийн ханхүү Харри түүний гэр бүл ямар учраас хатан хааны гэр бүлийн хэргэм зэрэг, язгууртны эрх ямбаас татгалзаж, санхүүгийн хувьд бие даан тусдаа амьдрах шийдвэр гаргасан тухайгаа тайлбар мэдэгдэл хийжээ. Ханхүү Харри Sentabale хүмүүнлэгийн байгууллагын уулзалтад оролцох үеэрээ индэр дээр хийсэн мэдэгдэлдээ энэ талаар хөндөн ярьж, хэдийгээр түүнд ийм шийдвэр гаргахад хүнд байсан ч өөр сонголт байгаагүй гэж тайлбарласан байна. 

Ханхүү Харри ингэж мэдэгдэхдээ тэрээр өөрийн эмэг эх, хатан хаан 2-р Элизабетэд хэзээд үнэнч хэвээрээ, улсынхаа хаан ширээнд зүтгэх болно гэдгээ тодруулан хэлжээ. Харри мэдэгдэлдээ түүний гэр бүл Их Британийн хатан хаанд цаашид ч үнэнч зүтгэж, эх орон, хамтын нөхөрлөл, цэргийн байгууллагад төрийн санхүү мөнгөний дарамтгүйгээр үргэлжлүүлэн зүтгэхэд бэлэн байсан ч харамсалтай нь хууль журам энэ бүгдийг хослуулах боломж өгөөгүйд харамсч байгаагаа илэрхийлжээ. Ханхүү Их Британи үргэлж түүний эх орон, гэр бүл, хамгийн хайртай газар орон байх болно гэдгийг ч хэлсэн байна. 

Букингемийн ордон энэ долоо хоногийн эхээр албан ёсны мэдэгдэл гаргаж Британийн хэвлэлүүдийн Мегзит гэж нэрлээд байгаа ханхүү Харри болон түүний эхнэр Меган нарын хийсэн сонголтыг хүндэтгэж, тэдэнд Британийн хатан хааны ордноос гадуур бие даан амьдрах эрх олгосон юм. Ингэхдээ тэдэнд Сассексийн гүн, гүнгийн ахайтан гэх цолыг нь хэвээр үлдээж, төрийн хэмжээнд хатан хааны гэр бүлийг төлөөлөх эрхийг нь хязгаарлан, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг зогсоох шийдвэр гаргажээ. Ингэснээр 2020 оны хавраас эхлэн ханхүү Харри, Меган нарт хандахдаа “эрхэмсэг” гэх үгийг цол хэргэмийнх нь өмнө хэрэглэхгүй болж байна. Ханхүү Харри өөрийн гэр бүлийн хамт Их Британи, Канадад хоёр улсын дунд амьдрах сонголт хийсэн юм.