Улс төр

Хятадын Коммунист Намын олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн даргын ахалсан баг Пүрэв гарагт Бээжингээс Умард Солонгосын нийслэл Пёньян руу нисжээ. Энэ баг нь Умард Солонгосын Ерөнхийлөгчид зөвлөх зорилготой бөгөөд эмч нар ч мөн хамт явж байгаа тухай Бээжин хотын хэвлэлүүд мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын “Daily NK” сайтад мэдээлснээр Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 12-ны өдөр зүрх судасны хагалгаанд орж Пёньяны ойролцоох амралтын газарт эмчлүүлж байгаа гэсэн юм. Харин удирдагчийн биеийн байдал муу байгаа гэсэн мэдээллийг Хятад болон Өмнөд Солонгосын засгийн газрын хэвлэлүүд няцаасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ч мөн энэ мэдээлэлд итгэхгүй байгаагаа илэрхийлсэн. Умард Солонгос улсын зүгээс ямар нэгэн албан мэдэгдэл хийгээгүй бөгөөд тус улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй байгаа хэмээн ДЭМБ-д мэдээлсээр байгаа юм. Залуу удирдагч ердөө 36 настай. Харин зарим хэвлэлүүд түүнийг бие жингээс хамааран өвдсөн байж магадгүй хэмээн таамаглаад байна.