Улс төр

Өчигдөр БНХАУ-ын Эдийн засгийн салбарын тэргүүлэгчид улсынхаа ирэх хагас жилийн эдийн засгийг сайжруулах асуудлаар уулзалт хийлээ. Дэлхийн хамгийн том эдийн засагтай орны нэг Хятад Улсад коронавируст цар тахлын эдийн засгийн хямрал таамаглаж байснаас харьцангуй багаар нөлөөлсөн тухай хурлаар онцолжээ.

Хятадын эдийн засгийн бодлого судалгааны газрын орлогч дарга Сшү Хон эдийн засгаа сайжруулахад импорт, экспортын төлөвлөгөөг энэ удаадаа голчлох хэрэггүй байх гэж мэдэгдсэн байна. Учир нь дэлхийн олон оронд цар тахалтай холбоотой эдийн засгийн хямрал нүүрлэж байгаатай холбоотойгоор дэлхийн зах зээл хумигдаж байгааг мэдэгдлээ. Тиймээс дотооддоо эдийн засгийн эргэлт үүсгэх нь зөв гэж мэдэгдсэн байна.

Хятад Улс 1.4 тэрбум иргэнтэй учраас бусад орныг бодоход өргөн зах зээлтэй гэдгийг тэрээр  онцолсон юм. Хятад Улсад дундаж орлоготой хүмүүсийн цар хүрээ өргөжиж, олон төрлийн салбарт хэрэглэгчдийн эрэлт нэмэгдэж байна. Цаашдаа иргэдийн хэрэгцээт зүйлс ч бас нэмэгдэх учраас холбогдох бүтээгдэхүүн, үйлчилгээг хангаж, нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Үүнээс гадна иргэдийн амьжиргааны түвшинг тасралтгүй сайжруулах хэрэгтэй гэж уулзалтаар ярьжээ.