АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЖО БАЙДЕН ИХ ДОЛООГИЙН БҮЛГИЙН ДЭЭД УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР ИХ БРИТАНИД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Улс төр

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Их Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсонтой уулзахаар Их Британийн нийслэл Лондон хотноо хүрэлцэн ирлээ. Америкийн ерөнхийлөгчийн онгоц Английн Саффолк мужийн Милденхолл дахь агаарын цэргийн баазад газарджээ. 

 

АНУ-ын тэргүүний онгоц Милденхолл дахь Их Британийн хатан хааны агаарын цэргийн баазад газардсаны дараагаар түүнийг Британийн агаарын бааз дээр алба хааж байгаа Америкийн цэрэг дайчид угтан авчээ. Цагаан ордны тэргүүний хувьд Их Британид хийж байгаа айлчлал нь түүний өнгөрсөн 1-р сарын 20-нд тангарагаа өргөн үүрэгт албандаа орсноос хойш хилийн чанадад хийж байгаа анхны айлчлал нь болж байгаа юм.

 

Байден энэ сарын 10-нд буюу өнөөдөр Их Британийн ерөнхий сайд Борис Жонсонтой нүүр тулсан уулзалт хийнэ. Хоёр улсын тэргүүлэгчдийн уулзалт Английн Корнуолл мужид болж, талууд энэ үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, Их Британи болон ЕХ-ны хооронд Брекситыг хэрэгжүүлэх үед байгуулсан Умард Ирландын асуудлаарх протокол зэрэг сэдвүүдийг хэлэлцэнэ. Цагаан ордны тэргүүний Их Британид хийж байгаа айлчлалын гол зорилго нь Их Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцох явдал юм. Их Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 11-13-ны хооронд Атлантын далайн эрэг дээрх Корнуолл мужийн Карбис-Бэй далайн эргийн амралт, аялал жуулчлалын жижиг хотод болно. Улмаар 6-р сарын 13-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден гэргий Жиллын хамтаар Их Британийн хатан хаан 2-р Элизабэтэд бараалхана. Харин дараагаар нь Европ тивд хийж байгаа айлчлалаа үргэлжлүүлэн Цагаан ордны тэргүүн Бельгийн нийслэл Брюсселийг зорьж, НАТО-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох юм.