Мөнхийн цэвдэг хайлж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтөд хүргэж байна

Үйл явдал

Цаг агаар хэт хуурайшин халж байгаагаас энэ зун дэлхийн өнцөг булан бүрт ойн түймэр ихээхэн дэгдсэн. Тэгвэл ойн түймэр, хэт халалт зэргээс шалтгаалан дэлхийн мөнхийн цэвдэгтэй газрууд, мөн мөнх цаст уулс, мөсөн бүрхүүл хайлж байгаа нь цаашлаад дэлхийн эко-системийг өөрчлөн, агаар мандалд цацагдах хүлэмжийн хийг нэмэгдүүлж байна.

Энэ талаар Оросын Тува болон Томскийн их сургуулийн эрдэмтдийн баг анхааруулан мэдээлж байна. Тэдний үзэж байгаагаар Баруун Саяны уулс, Алашийн өндөрлөг газруудад ойн түймрийн улмаас мөнхийн цэвдэгтэй газруудад мөс хайлж, байгалийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэж байгаа юм. Энэ дагуу эрдэмтэд бүрэн хэмжээний судалгаа шинжилгээ явуулж, ирэх оны сүүлээр нэгдсэн судалгааны дүнгээ танилцуулахаар төлөвлөж байна. Олон улсын эрдэм шинжилгээ судалгааны GTN-P байгууллагын дүгнэлтээр Оросын нутаг дэвсгэр дэх мөнхийн цэвдэгтэй газар нутагт хөрсний 10 метрийн гүнд сүүлийн 15 жилд мөс 3 дахин хурдтай хайлж байгаа юм. Тэгвэл Оросын нийтдээ 1,200 гаруй хот суурин газар, мөн 3,500 км-ийн зурвас бүхий нефть-байгалийн хийн орд газар мөнх цэвдэгтэй бүсэд оршдог байна. Тиймээс Оросын мэргэжилтнүүд арктикийн бүс дэх хяналт, ажиглалтын станцаа нэмэгдүүлж, судалгаа шинжилгээг эрчимжүүлэхээр тогтжээ.