Үйл явдал

ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх “Сибирийн хүч” хий дамжуулах хоолойг даваа гарагт ашиглалтанд оруулжээ. Хоёр улсын хамтран хэрэгжүүлж байгаа эрчим хүчний томоохон төслийг ажиллагаанд оруулж байгаатай холбоотойгоор ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын удирдагч Ши Жинпин, мөн Оросын “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер нар телемостоор холбогдон, хийн хоолойг нээх командыг өгсөн байна.  

“Сибирийн хүч” хий дамжуулах хоолойг төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлын дагуу энэ сарын 20-нд ашиглалтанд оруулах байсан ч ажил хугацаанаасаа өмнө хийгдэж дууссан байна. Хийн хоолойг ашиглалтанд оруулснаар Оросын тал Хятадын нутаг руу байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлж эхэллээ. “Сибирийн хүч” хоолойг нээх команд өгсний дараагаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин: -Өнөөдөр манай хоёр орны хувьд стратегийн чухал ач холбогдол бүхий төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллагаанд оруулсан түүхэн өдөр тохиож байна. “Сибирийн хүч” хий дамжуулах хоолой нь зөвхөн Орос болон Хятадын хувьд төдийгүй мөн эрчим хүчний зах зээлийн томоохон төсөл гэдгээрээ чухал ач холбогдолтой болохыг онцлон хэлжээ.

Даваа гарагт хий дамжуулах хоолойн Якутын Чаяндинский дахь байгалийн хийн орд газраас Благовещенкс хүртэлх 2200 км урттай хэсгийг нээж, ажиллагаанд оруулсан байна. Улмаар төслийн 2 дахь хэсэгт Ковыктинскийн орд газраас Чаяндинский хүртэлх 800 км хэсгийг холбон ажиллагаанд оруулахаар төлөвлөөд байгаа юм. Энэ мэтчилэн “Сибирийн хүч” хий дамжуулах хоолой нь нийтдээ 3 мянган км урт үргэлжлэх, хий нийлүүлэх стратегийн чухал байгууламж болох юм.

Оросын “Газпром” болон Хятадын эрчим хүчний CNPC компани 2014 оны 5-р сард 30 жилийн хугацаатай гэрээ байгуулж, жилд 38 тэрбум куб/м хий дамжуулах хоолой барьж байгуулахаар тохиролцсон байна. Энэхүү гэрээний нийт өртөг нь 400 тэрбум ам. доллар байж, хий дамжуулах хоолой барьж байгуулах ажилд 5 жилийн хугацаа орж, нийтдээ 1,1 их наяд рубль зарцуулжээ.