Үйл явдал

Хүнээс хүнд агаар дуслын замаар халдварлаж байгаа шинэ коронавирусын дэгдэлтийн улмаас манай урд хөршид уламжлалт Хятадын Цагаан сарын баяртай холбоотой олон нийтийг хамарсан баяр ёслолын үйл ажиллагааг цуцалсан байна. Билгийн тооллоор энэ сарын 25-нд уламжлалт Шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаа Хятад улсад Цагаан сарын баяртай холбоотой олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалж, нэг дор олон хүн цуглуулахыг хориглосон байна. 

Хятадад энэ сарын 25-нд буюу маргааш уламжлалт Цагаан сарын баяр болж байгаа юм. Цагаан сарын баярыг угтан зохион байгуулдаг Төрийн хүндэтгэлийн концерт, иргэдийн өргөн зугаалга, сүм олон нийтийн газарт болдог бүхий л арга хэмжээнүүдийг цуцалсан байна. Хятадын Цагаан сарын баярын үеэр энэ улсын хэдэн сая хүн дотооддоо шилжилт хөдөлгөөн хийж, гэр орноо зорьдог. Түүнчлэн жилээс жилд шинэ жилийн баярын урт амралтаараа гадагшаа аялж зугаалдаг иргэдийн тоо нэмэгдсэн. Тэгвэл энэ жил баярын өдрүүдээр Бээжин хотын “Хаалттай хот”, Тяньаньмений талбай зэргийг хааж, хүн олноор цугласан олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ.