Монгол улс БНХАУ-аас авсан зээлээ төлж чадахгүй болсон гэдэг нь худал мэдээлэл

Улс төр

Монгол улс энэ жил 200 гаруй сая долларын өр төлсөн байна.

Дэлхийн томоохон гүрнүүд зээлийн асуудал дээр хатуу байр сууринаас хандаж эхэлсэн энэ цаг үед Монгол улс өр, зээлийн асуудалд анхааралтай хандаж, эргэн төлөлтийг алдаагүй явуулж байгааг сангийн сайд Б. Жавхлан хэллээ. Мөн засгийн газрын гадаад өр хуульд заасан хэмжээнээс огт хэтрээгүй, баланс барьж байгааг онцолж байна.

Цахим сүлжээ хөгжихийн хэрээр иргэдэд худал ташаа мэдээлэл тарааж түүнээс үүдсэн сөрөг үр дагавар олон гарах болсон. Тэгвэл энэ асуудал хэрээс хэтэрч хөрш орнуудын  харилцаа, үндэсний аюулгүй байдалд ч сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд ташаа мэдээлэл тарах  асуудал их болжээ. Сүүлийн үед Монгол улс Хятад улсад төлөх өрөө өгч чадахгүй нөхцөл байдал үүссэн гэх мэдээлэл цацагдах болсон. Тухайлбал, БНХАУ-ын "Нэг бүс-Нэг зам" санаачлагын хүрээнд 68 улс хамтарч байгаагаас 23 орон нь Хятад улсаас авсан зээлээ төлж чадахгүй эрсдэлтэй нөхцөл байдалд орсон гэх асуудлыг ярих болсон.

Тэр дундаа маш хүнд нөхцөл байдалтай 8 улс байгаагийн нэг нь Монгол гэх асуудал яригдаж байгаа юм. Тэгвэл ийм зүйл огт байхгүйг Сангийн сайд Б. Жавхлан хэлж байна. Сүүлийн үед монгол улсын зээлжих зэрэглэл өссөн гэдгийг ч онцлон хэлсэн юм.

Манай улсын төв банк БНХАУ-ын Ардын банк хоорондын своп хэлцлийн хүрээнд авсан зээл байгаа ч цаг тухай бүрд нь төлбөрөө барагдуулж байгааг хэллээ. Түүнээс засгийн газрын хэмжээнд яригдах томоохон өр байхгүй гэлээ. Тэгвэл цахим сүлжээнд БНХАУ-аас авсан зээлээ төлж чадахгүй орнууд хилийн боомтын эрхээ шилжүүлэхээс эхлээд газар нутгаасаа өгч байна гэх ташаа мэдээлэл ч тархах болсон.

Дэлхий нийтээр цар тахлын хүнд нөхцөл байдалд эдийн засаг, нийгмийн олон сорилттой тулгарч байгаа энэ үед хөрш орнуудын харилцаа, хамтын ажиллагааг сөргөөр мэдээлэх, нийгмийн сүлжээгээр цацах нь олон эрсдэл дагуулахыг Шадар сайд сануулж байна. 

Нийгмийн сүлжээнд  эх сурвалжгүй, баталгаагүй, худал ташаа мэдээлэл цацах тохиолдол их байдаг ч хөрш орнуудын бодлого хамтын ажиллагаа, үндэсний хэмжээний асуудлыг цар тахлын хүнд үед сөргөөр мэдээлэхгүй байхыг сануулж байна. Иргэдийн тухайд авч байгаа мэдээллээ баталгаатай эх сурвалжтай, мэргэжлийн редакцаас хүлээн авдаг байх нь ч нэн чухал болоод байгаа юм.