Үйл явдал

Оросын Алс Дорнодын бүс нутаг Хятадын нутгаас шинэ коронавирусын халдвар дамжин орж ирэхээс сэрэмжлэн ард иргэдээ вирусын халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд хамгаалах хэрэгсэл, амны хаалт маск зүүхийг сануулж, уриалж байна. 

Хабаровск хотын захиргааныхан иргэдээ гадагшаа гарах, олон нийтийн газраар явахдаа заавал амны хаалт зүүж, өөрийгөө болоод эргэн тойрныхоо хүмүүсийг улирлын чанартай ханиад томуу, цаашлаад коронавирусын халдвараас сэргийлэхэд уриалж байна. Оросын Хабаровск хот нь Хятад улстай залгаа хилээс ердөө 30-хан км зайтай байдаг учраас Хятадад дэгдсэн шинэ коронавирус халдварлах боломжтой эрсдлийн бүсэд багтаж байгаа юм. Тиймээс хотын эрх баригчид юуны түрүүнд нийтийн тээвэр, худалдаа наймаа эрхлэгчид, банк, олон нийтийн үйлчилгээний газрын ажилтнуудыг зайлшгүй амны хаалт зүүхийг үүрэгджээ. Түүнчлэн одоогоор сургууль цэцэрлэгүүдэд карантин тогтоогоогүй байгаа ч өвчний шинж тэмдэгтэй, халуурч, ханиалгаж байгаа хүмүүсийг шууд гэрт нь хариулах, олон нийтийн газраар хамаагүй явахгүй байхыг зөвлөж байна.