Үйл явдал

Их Британийн нийслэл Лондон хотод COVID-19 коронавирусын халдвараар өвчилсөн анхны өвчтөн бүртгэгджээ. Хятад улсаас хэд хоногийн өмнө Лондонд эргэн ирсэн нэгэн эмэгтэйд вирусын халдварын шинж тэмдэг илрэн, улмаар эмнэлэгт ханджээ. Түүнийг Сент-Томас эмнэлгийн халдвар өвчний тасагт хэвтүүлэн, хөл хориод байна. 

Их Британид нийтдээ коронавирусын халдварын шинж тэмдэг байж болох 9 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Лхагва гарагийн байдлаар COVID-19 коронавирусын халдвар нийтдээ дэлхий даяар 44 мянга болж бүртгэгдээд байгаагийн 43 мянга нь Хятадын нутаг дэвсгэрт байгаа юм. Түүнчлэн коронавирусын халдварын шинж тэмдэг бүхий тохиолдол дэлхийн 28 улс оронд бүртгэгдэж, эмч мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Их Британи улс вирусын гаралтай халдварт өвчний шинж тэмдэг улс оронд нь хэд хэдэн илэрсний дараагаар энэ долоо хоногийн эхээр үндэсний хэмжээнд онцгой байдал тогтоож, иргэдээ аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлжээ. Шинэ коронавирусын халдвар авсан байж болзошгүй нэг тохиолдол Брайтон дахь эрүүл мэндийн төвийн ажилтанд илэрч байсан бол Баруун Сассексийн Уортинг хотын эмнэлэгт мөн яаралтай түргэн тусламжийн нэг ажилтанд коронавирусын шинж тэмдэг илэрчээ. Энэ явдлын дараагаар эрүүл мэндийн төвүүдийг түр хугацаагаар хаагаад байна.