Үйл явдал

Хүн амын эрүүл мэндийн манаанд зогсч, аюултай халдварт өвчинтэй тэмцэн амрах завгүй ажиллаж байсан Хятадын Ухань хотын “Учан” эмнэлгийн дарга Лю Чжимин COVID-19 шинэ коронавирусын халдвараар амиа алджээ. Лю Чжимин COVID-19 коронавирусын улмаас амиа алдсан эмнэлгийн дээд албан тушаалтан анхны хүн болсон байна.

Хятадын Үндэсний телевизийн мэдээлснээр 51 настай Лю Чжимин эмч эмчийн тангарагтаа үнэнч зүтгэж, өвчний голомтод эмнэлгийнхээ бусад ажилтан, албан хаагчдын нэгэн адилаар амрах завгүй ажилласаар өөрөө коронавирусын халдвар тусч улмаар вирусын халдвар нь хүндэрч амиа алдсан байна. Тэрээр мягмар гарагт Учан эмнэлэгт нас барсан талаар Ухань хотын эрүүл мэндийн газраас мэдээлжээ. Түүнийг эмчлэх гэж бүхий л хүчээ дайчилсан ч харамсалтай нь Учан эмнэлгийн дарга халдвар нь хүндэрснээс амиа алджээ. Шинэ коронавирус анх дэгдсэн Ухань хотын Учан эмнэлэг нь вирусын халдвар авсан өвчтөнүүдийг хамгийн түрүүнд хүлээн авч, өнөөдрийг хүртэл маш их ачаалал дунд, өвчний голомтод ажиллаж байгаа эмнэлэг юм. Энэ эмнэлгийн 1,700-аад ажилтан, албан хаагчид өвчтөнүүдийнхээ хамт гадаад ертөнцөөс тусгаарлагдаж, өнөөдрийг хүртэл маш их ачаалалтай ажилласаар байна. Өнгөрсөн хугацаанд Учан эмнэлгийн 6 ажилтан коронавирусын халдвараар амиа алджээ.