Үйл явдал

НҮБ, Хятад улсад дэгдсэн COVID-19 шинэ коронавирусын халдвараар өнөөдрийн байдлаар 2 мянгаад хүн амиа алдаж, нийтдээ коронавирусын шинж тэмдгээр 72 мянган хүн халдварласан байж болох талаар мэдэгдлээ. НҮБ-ын тэргүүн Антониу Гуттериш энэ талаар мэдэгдэж, хэдийгээр коронавирусын халдвар ийнхүү эрчтэй дэгдэж байгаа ч дэлхийн улс орнууд вирусын халдварт өвчнийг тахлын хэмжээнд аваачихгүйн тулд нөхцөл байдлыг хяналтандаа байлгаж байгаа талаар онцолсон байна.   

НҮБ-ын тэргүүн энэ талаар мэдэгдэхдээ ДЭМБ болон дэлхийн улс орнуудын ЭМЯ-дууд онцгой нөхцөл байдалд шуурхай ажиллаж, цаг алдалгүй мэдээлэл солилцон, шинэ коронавирусын дэгдэлтийг анхааралтай ажиглаж байгааг онцолжээ. Өнөөдрийн байдлаар Хятад улсаас гадна дэлхийн 25 улс оронд шинэ коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Гэсэн хэдий ч улс орнууд сонор сэрэмжээ дээшлүүлэн ажиллаж байгаа учраас айж балмагдах шалтгаан нөхцөл үүсээгүй байгааг НҮБ-аас мэдээлж байна. Антониу Гуттериш энэ талаар мэдэгдэхдээ:- Бид COVID-19 шинэ коронавирусын дэгдэлтийг хяналтандаа байлгаж байна. Энэ бол маш том асуудал, энэ бол хүн төрөлхтөнийг хамарсан асуудал. Бид өвчний голомтоос авхуулаад хаа сайгүй энэ өвчинтэй тэмцэж, тахлын хэмжээнд аваачихгүйн тулд шуурхай ажиллаж байна гэжээ.