Үйл явдал

Их Британи улс COVID-19-ийн халдварын тоогоор ДЭМБ-аас гаргасан жагсаалтын 10-рт бичигдэж байна. Энэ улсад өнөөдрийн байдлаар 6,650 хүн халдвар авснаас 335 хүн нас барж, 135 хүн эдгэрчээ. 

Их Британид COVID-19-ийн халдварын тохиолдол хүн амын дунд эрчтэй нэмэгдэж байгаагаас энэ улсын засгийн газар 3 долоо хоногийн хугацаатай карантин, хөл хорионы хатуу дэглэм мөрдөх захирамж гаргажээ.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон улс орондоо нэн даруй хөл хорио, хорио цээрийн дэглэм мөрдөх тушаал гаргаж, шаардлагатай бол карантины хугацааг сунгах болно гэж мэдэгдсэн байна. Эхний ээлжинд карантины дэглэмийг 3 долоо хоногийн хугацаанд мөрдөж, хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад дэлгүүр хоршоог хаахыг үүрэгджээ. Олон нийтийн газрууд, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хаагаагүй ч иргэдийг нэг дор олноор цуглахыг хориглосон байна. Түүнчлэн улс орон даяар олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, тэр дундаа хурим найр, арга хэмжээ, оршуулгаас бусад сүмийн зан үйл явуулахыг хоригложээ. Мөн хүүхдийн тоглоомын газрууд, нийтийн номын сан, фитнес-клуб, усан сан зэргийг хаажээ. 

Түүнчлэн Их Британийн ерөнхий сайдын мэдэгдсэнээр улсаас эрүүл мэндийн салбар, Үндэсний эрүүл мэндийн системд нэмэлт санхүүжилт олгож, эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмж, боловсон хүчний хангамж, вирусын эсрэг дархлаа дэмжих вакцин, эм тарианы хангамжийг дэмжихэд анхаарч, мөн коронавирусын илрүүлгийн нэмэлт тоног төхөөрөмж, тестүүдийг худалдан авах тал дээо анхаарч ажиллах юм. Борис Жонсон ийнхүү мэдэгдэл хийхдээ ард иргэддээ хандан маш ойлгомжтой, маш амархан зөвлөгөө өгье, та бүгд гадагшаа онцын шаардлагагүй бол гарахгүй байж, амны хаалтаа зүүн, өөрсдийнхөө төлөө тусгаарлагдан, хөл хорионы дэглэмийг сайтар дагахад COVID-19-өөс сэргийлж чадна гэж зөвлөсөн байна.  Их Британийн иргэдэд орон гэрээ зөвхөн нэн шаардлагатай тохиолдолд, тодорхой цагаар орхиж явахыг зөвлөж байна. Төр засгаас гаргасан хорио цээрийн дэглэмийн мөрдөлтөд цагдаа хүчний байгууллагууд хяналт тавих юм. Иргэдэд өдөрт нэг удаа гэрээсээ гарч, цэвэр агаарт спортоор хичээллэх боломж олгож байгаа ч нэг дороо олноороо цуглахгүй байхыг зөвлөж байна.