Гадны хөрөнгө оруулагчид ОХУ-ын эдийн засагт хөрөнгө оруулах нь ашиггүй болсон талаар мэдэгдэж байна

Үйл явдал

Барууны улс орнууд, ЕХ-ны зүгээс ОХУ-ын эсрэг эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авч байгаагаас шалтгаалан гадны хөрөнгө оруулагчид Орос дахь бизнесийн үйл ажиллагаагаа хумьж байна.

Оросын рублийн ханш суларч байгаа, мөн дээр нь ОХУ-ын Төв банкны активуудыг царцааж, олон улсын SWIFT системээс хасч байгаа зэрэг нь хөрөнгө оруулагчдад ихээхэн дарамт болж, бизнесээ хумихад хүргэж байна. 

Хэдийгээр оросын рублийн ханш суларч байгаа ч дэлхийн зах зээл дээр нефть болон байгалийн хийн үнэ нэмэгдэж байгаа нь рублийг дэмжиж байгааг эдийн засгийн шинжээчид тэмдэглэж байна. Оросын Төв банк гадны улс орнуудын эдийн засгийн хоригийн эсрэг улсынхаа эдийн засгийг дэмжих зорилгоор бодлогын хүүгээ нэмэгдүүлж, эдийн засгийн багц арга хэмжээ авч байгаа юм. Блүүмберг агентлагаас явуулсан санал асуулгаар Оросын бизнесийн орчинд хөрөнгө оруулах нь ашиггүй болж, ойрын хэдэн жилдээ энэ байдал үргэлжилнэ гэж тооцож байна. Олон улсын санхүүгийн Дойче Боерсе бирж Оросын үнэт цаасны арилжааг зогсоож байгаа бол Францын Тотал Энержийс компани Оросод хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын төслөө зогсоож байна. Гадны бизнес, хөрөнгө оруулагчид Оросын зах зээлээс гарч байна.