Японы Фукушима мужийн эрэг хавийн нутгаар 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Үйл явдал

Арлын Японд хүчтэй газар хөдлөлт болжээ. Японы зүүн хойд хэсгийн Фукушима мужийн эрэг хавийн нутгаар 7,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. 

Японы байгалийн онц үзэгдэл судлах төвийн мэдээлж байгаагаар газар хөдлөлтийн хүч газрын 60 км-ийн гүнд байжээ. Гамшигт үзэгдлийн улмаас 20-иод хүн гэмтсэн байна. Японы Мияги болон Фукушима мужуудад газар хөдлөлтийн дараагаар цунами дэгдэж болзошгүй гэж анхааруулан, аюулын түвшин зарлажээ.

Фукушима мужид одоогоос 11 жилийн өмнө мөн хүчтэй газар хөдлөлт болж, улмаар цунамигийн гамшиг нүүрлэн их хэмжээний гамшиг сүйрэл дагуулахын зэрэгцээ Фукушимагийн цөмийн цахилгаан станц өртсөн юм.

Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Токио хотод 700 мянга, нийтдээ 2 сая гаруй хэрэглэгч гэрэл цахилгаангүй хоцорчээ. Эрчим хүчний доголдлыг цаг алдалгүй засч сэргээсэн байна.