Үйл явдал

Киргизийн экс ерөнхийлөгч Алмазбек Атамбаевт Бишкек хотын шүүхээс 11 жил 2 сарын хорих ял оноолоо. Киргизийн экс тэргүүнийг авлига, хээл хахууль, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдыг дарамталсан, барьцаалсан, олон нийтийг үймүүлэн эмх замбараагүй байдал дэгдээсэн зэрэг хэрэгт гэм буруутай гэж үзсэн байна.

Бишкек хотын шүүхийн шүүгч Эмильбек Каиповын мэдэгдсэнээр улсын яллагч экс тэргүүнд 15 жилийн хорих ял оноохыг шаардаж байсан ч хэргийн дагуух мөрдөн шалгах дуусч, шүүхээс яллах дүгнэлт гаргахдаа Алмазбек Атамбаевт төрийн бүх шагнал, өмч хөрөнгийг нь хураан авч, 11 жил 2 сарын хорих ялаар шийтгэжээ. Атамбаевыг өнгөрсөн оны 8-р сард баривчлан саатуулсан юм.

Үүнээс өмнө Бишкек хотоос 20-иод км зайтай Кой-Таш тосгонд байрлах экс ерөнхийлөгчийн хувийн эдлэнгийн дэргэд зэвсэгт мөргөлдөөн болж байжээ. Экс ерөнхийлөгчийг саатуулах гэсэн тусгайгийнханы эхний оролдлого бүтэлгүйтэж, Атамбаевын талынхан эдлэнг хамгаалж чадсан юм. Энэ үеэр сөргөлдөгч талуудаас 70 гаруй хүн өртөж, 1 хүн амиа алджээ. Улмаар маргааш өдөр нь тусгайгийнхан экс ерөнхийлөгчийг саатуулах дахин нэг оролдлого хийн, тусгай ажиллагаанд Киргизийн дотоодыг хамгаалах яамны 2 мянга гаруй ажилтан оролцож, улмаар Атамбаев бууж өгсөн юм. Энэ ажиллагааны үеэр Атамбаевын талын хүмүүс тусгайгийнхан руу галт зэвсгээр гал нээсэнд бурууджээ.