Үйл явдал

Дэлхийн хэмжээнд коронавируст халдвар авсан иргэдийн тоо 10 сая 238 мянга боллоо. Эдгэрсэн иргэдийн тоо 5 сая 549 мянга, нас баралтын тоо 504 мянга хүрчээ. АНУ-д одоо халдвартай байгаа 1 сая 93 мянга, Бразилд 733 мянга, ОХУ-д 226 мянга, Энэтхэгт 321 мянган иргэн тус тус яг одоо эмчлэгдэж байна.

АНУ-д нас баралтын тоо 128 мянга боллоо. Энэ Улсын Харшил халдварт өвчин судлалын хүрээлэнгийн захирал Антони Фаучи халдвартай тэмцэхэд вакцин хангалтгүй гэдгийг мэдэгдлээ. Тодруулбал, вакцин 70-75 хувь л хамгаалах учраас бүрэн хамгаалахгүй гэдгийг анхааруулсан байна. Үүнээс гадна АНУ-д нөхцөл байдал огтхон ч сайжрахгүй эсрэгээрээ халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учраас хэд хэдэн мужид эргэн хориг тавьж эхэлсэн.

Хамгийн их халдвартай арван орны тоонд өөрчлөлт орон, Перу Улс халдварын тоогоор дэлхийн хэмжээнд 279 мянган тохиолдол бүртгэгдэн долоод бичигдэж байна. Перу Улсад нас баралтын тоо 9,317 болж, яг одоо 102 мянган иргэн халдварын эсрэг эмчлүүлж байна. Израилийн Эрүүл мэндийн сайд тахлын хоёр дахь давлагаа эхлэх эрсдэлтэй байгаа тухай иргэддээ анхаарууллаа. Израиль Улсын хувьд сүүлийн хэдэн долоо хоног цар тахлын нөхцөл байдлыг сайтар хяналтдаа аван ажиллаж байсан ч, сүүлийн өдрүүдэд халдварын шинээр бүртгэгдэх тохиолдол нэмэгдэн, нэг өдөрт 500 орчим халдварын тохиолдол батлагдах болжээ. Тавдугаар сарын дундуур энэ улсад халдварын нөхцөл байдал сайжран өдөрт дунджаар 20 орчим халдварын тохиолдол батлагдаж байсан. Гэхдээ хөл хориог багасгаснаар иргэдийн анхаарал сулран эргээд нөхцөл байдал хүндэрч эхэллээ. Манай Улсын хувьд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн 219 халдварын тохиолдлын 175 нь эдгэрч, одоогоор 44 иргэн эмчлүүлж байна.