Украины Мариуполь хотын 90 хувь нь сүйрчээ

Үйл явдал

Украины Мариуполь хот Оросын цэргүүдийн дайралтанд өртөж “90 хувь нь сүйрсэн” гэж хотын дарга Вадим Бойченко мэдэгдэв. 

Боомт хот Оросууд түрэмгийлснээс хойш байнга бөмбөгдөлтөд өртөж, эмнэлэг, театр зэрэг барилгууд нуранги болон хувирсан.

Өнөөдөр хотын дарга Бойченко хэлэхдээ

"Хотын дэд бүтцийн 90 хувь нь сүйрч, 40 хувь нь сэргээгдэх боломжгүй болсон харамсалтай мэдээ байна”

гэсэн юм.

Үүнээс гадна 130 мянган иргэн хотоос гарч чадаагүй байгаа бөгөөд таван мянга орчим хүн амиа алдсан гэж мэдээлсэн. Гэхдээ амь насаа алдсан хүний тоо тодорхой бус байгаа юм. 

Мариуполь хотын төв орчмын кинотеатрт иргэд хорогдож байсан бөгөөд хүнсний нөөц хүрэлцээгүй болсон учраас иргэд тус газрыг орхих шаардлагатай болсон. Тэнд байсан нэг иргэний ярьснаар хотод бараг 10 минут тутамд нэг бөмбөгдөлт болж байсан гэжээ.

Оросын цэргүүд Украин Улс руу дайрснаас хойш аль хэдийн нэг сар гаруй хугацаа өнгөрч байна.