Францын сонгуулийн дүн ЕХ-ны цаашдын бодлогыг тодорхойлоход чухал уялдаатай

Улс төр

Сонгуулийн дүн тодорхой болсны дараагаар сонгуульд өрсөлдсөн бусад нэр дэвшигчид өөрсдийн байр сууриа илэрхийлж, улс төрчдийн дийлэнх нь хоёр дахь сонгуульд Эммануэль Макроныг дэмжихэд уриалж байснаас харахад Францын дараагийн тэргүүнээр Макрон улиран сонгогдох магадлал өндөр байгаа талаар ажиглагчид мөн ярьж байна.

Зарим ажиглагчид Макроныг 2 дахь шатны сонгуульд 54-өөс доошгүй хувийн санал авна ч гэж таамаглаж байна. 

Францын ерөнхийлөгчийн сонгуульд ЕХ ихэд анхаарал тавин ажиглаж байсныг энд хэлэх нь зүйтэй. Яагаад гэвэл Францын сонгуулийн дүн ЕХ-ны цаашдын бодлогыг тодорхойлоход чухал уялдаатай юм. Марин Ле Пен ЕХ-г үндсээр нь шинэчлэх нь зүйтэй гэж харж байгаа бол Макрон улиран сонгогдвол одоо хэрэгжүүлж байгаа бодлого цааш үргэлжилнэ. Украины дайн тулаан, Европын эрчим хүчний хямрал, түлш шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байгаа өнөө цаг үед бодлогоо өөрчлөлгүйгээр цааш авч явах нь чухал байгаа учраас Европын ихэнх институтууд Макроныг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа. 

Эммауэль Макрон энэ удаагийн сонгуульд улиран өрсөлдөхдөө 5 жилийн өмнө улсынхаа тэргүүнээр сонгогдохдоо амлаж байсан амлалтуудаа хэрхэн биелүүлснээ тайлагнасан нь тодорхой. Макрон улс орондоо хэд хэдэн шинэчлэлийн бодлого явуулсны дотор хөдөлмөрийн гэрээ цуцлах явцыг хялбаршуулж, татварын хэмжээг буруулан, алан хядлага терроризмтай тэмцэхэд чиглэсэн аюулгүй байдлын хууль журмыг чангатгасныг гол амжилтаа гэж тодорхойлсон. Харин Ле Пены хувьд ерөнхийлөгчөөр сонгогдвол улсынхаа эдийн засгийн хөгжлийн загварыг шинэчилж, ЕХ-ны хараат байдал, үүрэх хариуцлагаас мултарч, улсынхаа үнэт зүйлийг дээгүүрт тавина гэж амласан. Тиймээс хоёр долоо хоногийн дараа болох хоёр дахь сонгуулийн дүн байдлыг харах л үлдэж байна.