Үйл явдал

Польшийн засгийн газар эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн Европын гэрээ болох Истанбулын конвенцоос татгалзана гэж мэдэгдлээ. Харин иргэд энэ шийдвэрийг эсэргүүцэн жагсаал хийж эхэлжээ.

Истанбулын конвенц нь дэлхийн анхны эмэгтэйчүүдийг хүчирхийллээс сэргийлэх арга хэмжээ авдаг гэдгээрээ онцлог. Харин Польшийн Хууль зүйн сайд  Збигнев Жиобро энэ конвенцыг “аймшигтай” гэж тодорхойлжээ. Учир нь энэ конвенц нь хүүхдэд багаас нь хүйсийн ялгааны тухай буруу ойлголт өгдөг гэж тэрээр хэлсэн байна. Ингэснээр хүүхдэд багаас нь буруу боловсрол олгож байна гэж үзэн 2015 оноос хойш хэрэгжиж байгаа энэ конвенцын орнуудаас Польш Улс нэрээ татах хэрэгтэйг тэрээр өнөөдөр мэдэгдсэн юм.

Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ конвенцын хүрээнд олон эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалж чадсан гэдгийг тэрээр онцолжээ. Тэрээр мэдэгдэхдээ, энэхүү конвенц нь эцэг эхийн эрхийг зөрчиж, "үзэл суртлын шинж чанартай элемент агуулдаг" гэж үзэж байгаагаа хэлжээ.

Шийдвэр гарснаас хэдхэн цагийн дараа маш олон эмэгтэйчүүд хотын гудмаар эсэргүүцэл зарлаж эхэллээ. Тэд “бид хүчирхийллийн хохирогч болмооргүй байна” гэсэн уриан доор жагсаал хийж байгаа нь энэ. Учир нь Польш Улс эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах конвенциос гарснаар бүсгүйчүүд эрсдэлд орон, хүчирхийллийг хамгаалах тодорхой арга хэмжээ авах байгууллага байхгүй болно гэж үзжээ.