Үйл явдал

Өнгөрсөн мягмар гарагт нутгийн цагаар 18 цаг орчимд Ливан Улсын нийслэл Бейрут хотод маш том хэмжээний дэлбэрэлт болсон. Одоогийн байдлаар дэлбэрэлтийн улмаас нас барсан иргэдийн тоо 135 хүрээд байна. Гэмтэл бэртэл авсан, биеийн байдал хүнд байгаа хүний тоо аль хэдийн таван мянга хол давжээ.

Энэ тоо цаашдаа ч өснө гэдгийг холбогдох албанаас мэдээлж байна.

Зургаан жилийн туршид хадгалж байсан тэсрэх бодис дэлбэрч, бараг хотын тэр чигт нь газартай нь тэгшилсэн ийм том дэлбэрэлт болсон. Дэлхий нийтээрээ тэдэнд эмгэнэл илэрхийлэн эргээд хурдан энх тайван цаг ирээсэй гэж хүсч байна. Энэхүү дүрсэнд маш хүчтэй гал гарч гэнэт том хэмжээний дэлбэрэлт болж байгааг харуулж байна. Хотын хэмжээнд маш хүчтэй доргилт, чичиргээ мэдрэгдсэн бөгөөд, эрэг хавийн барилгууд газрын хөрстэйгөө тэгшлэгдсэн байна. Дэлбэрэлт 240 километрийн зайд оршдог Кипр аралд ч мэдрэгджээ. Үүнээс гадна дэлбэрэлт 4,5 баллын хүчтэй газар хөдлөлттэй зүйрлэхүйц хэмжээний доргилт үүсгэсэн гэж Иорданийн газар хөдлөл судлаачид мэдээллээ. Дэлбэрэлтээс үүссэн том үүл, тоос шороо Сирийн Дамаск хотод хүрсэн байна. 

Хэдэн жилийн өмнө хууль бусаар хил давуулан наймаалах гэж байсан 2750 тонн аммонийн нитратыг 2015 онд Молдавын хөлөг онгоцноос хурааж авсан юм байна. Тэдгээрийг устгалд оруулахаар боомтын агуулахад хадгалж байгаад мартагдан энэ хэмжээний дэлбэрэлт үүсгэжээ. Аммонийн нитрат нь хүчтэй тэсрэх бодис болон азотын бордооны найрлагад ордог. Нэг төрлийн азотын хүчний давс юм. 1659 онд гаргаж авсан энэ давс нь тэсрэмтгий байдлаараа хамгийн аюултайд тооцогддог. 

Ливаны ерөнхийлөгч Мишел Аун үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг шуурхай хуралдуулж, Бейрут хотыг гамшгийн бүсээр зарлажээ. Ерөнхий сайд Хассан Диаб хэрэг болсон өдрийн маргаашийг  үндэсний гашуудлын өдөр болгох шийдвэр гаргасан байна.

 Зарим эх сурвалжид мэдээлснээр Ливан улстай дайсагнасан харилцаатай Израиль Улс энэ хэрэгтэй холбоотой байж магадгүй гэж сэрдсэн байна. Харин Израилийн талаас ямар ч хамаагүй гэдгээ мэдэгдэн, туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Америкийн Ерөнхийлөгч Трамп ч бас энэ хэргийг санаатай үйлдсэн байх магадлалтай гэж бодож байгаагаа илэрхийлсэн. Дэлхийн олон орон Ливан улсын засгийн газарт эмгэнэл илэрхийлж байна. Ливаны Ерөнхий сайд эдийн засгийн гүн хямралтай байгаа улсад нь энэ дэлбэрэлт маш их гарз хохирол учруулж байгааг мэдэгдэн, олон улсын байгууллагууд, бусад орныг тэдэнд туслахыг уриалжээ. Дэлбэрэлттэй холбоотой асуудлаар Ливанийн Засгийн газраас 100 тэрбум фунт Ливан төгрөг буюу 66,335,000 ам.доллар төсөвлөсөн байна.

Үүнээс гадна ЮНЕСКО болон Улаан Загалмайн нийгэмлэгээс тусламжийн гараа сунгах уриалга гаргаж, цус хандивлах гэх мэтээр туслаж байгаа юм. Иргэдийн хувьд энэ нь яг атомын бөмбөг дэлбэрч байгаагаас ялгаагүй байсан тухай сэтгэгдэлээ хуваалцсан байна. Нас барсан иргэдийн хувьд маш олон Ливанд оршин суудаг гадаадын иргэд байгааг тухайн орнуудын Элчин сайд, дипломат төлөөлөгчид мэдээлж байгаа юм. Тодруулбал Австралийн болон Америкийн нэг нэг иргэний амь нас үрэгдсэн тухай тус улсынх нь албанаас мэдэгджээ. 10 орчим Филиппин иргэний хоёр нь нас барж, наймынх нь биеийн байдал хүнд байна. Дөрвөн Бангладеш иргэн нас барсан тухай тус улсын Ливан дахь Элчин сайдын яам мэдээлжээ.

Франц улсын зүгээс энэ хэрэгт эмгэнэл илэрхийлэн нэг шөнийн туршид Эйфелийн цамхгийн гэрлийг унтрааж, нас барсан иргэдэд хүндэтгэл үзүүлэхээр болсон байна. Түүнчлэн 100 мянган еврог хандивлалаа. Үүнээс гадна удахгүй Бейрут хотын эмчилгээний хэрэгсэл хомстолд орж хүрэлцэхгүй болохоор байгааг хэвлэлүүд мэдээллээ. Их Британи улсын зүгээс Бейрут руу эмчилгээ судалгааны баг, 6.6 сая доллартай дүйцэхүйц эмнэлгийн хэрэгслийг явуулсан байна.  Дэлбэрэлтийн улмаас олон мянган иргэн, гэргүй, ажлын байргүй болж байгаа гунигт мэдээг дэлхийн хэвлэлүүд онцолсоор байна.