Үйл явдал

АНУ-ын Техас мужийн гурван хүүхдийн ээж Кэйт Вайс гэртээ лаа асаахаасаа өмнө гар ариутгагч хэрэглэснээр гал гарч, дэлбэрэлт үүсчээ.

Тэрбээр

“Энэ бүхэн ердөө хоёр секундын дотор л болж өнгөрсөн. Охид маань ээж дээр гал гарч байна гэж орилж байхыг л сонссон”

хэмээн ABC мэдээллийн агентлагт ярьжээ. Дэлбэрэлт болсны улмаас түүний биеийн 18 хувь нь түлэгдсэн байна. Түүний охидын нэг нь саа өвчтэй. Саа өвчтэй охиноо галаас хол байлгах гэж тэмцэж байх зуур нөгөө хоёр охин нь галаас зугтаж чадсан бөгөөд охид бүгдээрээ бэртэж гэмтээгүй. Бүсгүй нүүрэндээ хоёроос гуравдугаар зэргийн түлэгдэлттэй, гар болон хөл нь түлэгдсэн учраас эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Цар тахал дэгдсэнээс хойш гар ариутгагч нь айл бүрийн чухал хэрэглээний нэг болсон.  

Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр спирт агуулсан гар ариутгагчийн шатах эрсдэл маш бага байдаг гэсэн боловч Галын аюулаас хамгаалах үндэсний агентлаг гар ариутгагч нь шатамхай шингэн агуулсан гэж үзэж байна. Тиймээс судлаачид гар ариутгагч хэрэглэсний дараа шатах эрсдэлтэй зүйл хийх гэж байгаа бол ариутгагч бүрэн хатсан эсэхийг заавал шалгаж байхыг анхаарууллаа.