Үйл явдал

9-р сарын 5-ны өдөр Тайванийн Тайчунь хотод сурдаг Монгол эрэгтэй, эмэгтэй оюутан бичиг баримтгүй, согтуугаар мотоцикл барьж яваад баригджээ. Шөнийн дөрвөн цаг орчимд залуус мотоцикл дээрээ явж байхад ард сундлуулсан бүсгүй толгойдоо хамгаалалтын малгайгүй байсан учраас цагдаа зогсоосон байна.

Анхааруулга өгөх зорилготой тэднийг саатуулах үед согтууруулах ундаа үнэртэж байсан учраас бичиг баримтаа шалгуулан, тусгай төхөөрөмж рүү үлээхийг шаарджээ. Харин залуу эсэргүүцэж дээгүүр өмссөн хувцсаа тайлан бараг хагас километр гүйсний эцэст цагдаа нар түүнийг баривчилсан байна. Тэрбээр

“Багшийгаа дуудах хэрэгтэй байна”

гэх мэтээр эсэргүүцлээ илэрхийлсээр байжээ. Эх сурвалж TTV-д мэдээлснээр залуу маш хүчтэй байснаас гадна эмэгтэй уйлж байсан гэдгийг онцолжээ. Цагдаагийн газарт очин согтууруулах ундаа уусан нь батлагдсан байна. Бичиг баримтгүй мотоцикл жолоодсон болон цагдаагаас зугтсан, согтууруулах ундаа хэрэглэсэн гэх шалтгаанаар 18 сая төгрөг буюу 185 мянган Тайвань доллараар торгохоор болжээ.